Чулуун хавтан бол интерьерийн хүчтэй шийдлүүдийн нэг. Гэвч бидний олонх нь гал тогооны тавилга, ширээний тавцанг л чулуугаар хийнэ гэж төсөөлдөг. Харин зарим нь чулууг тансаг хаус, таван одтой буудал, захирлын өрөөний гоёл гэж боддог. Хэрэв та ч мөн ингэж боддог бол бодлоо өөрчлөх цаг болжээ. Өдгөө синтеред, порселайн хавтангууд дэлхий нийтийг байлдан дагуулж байна.
Энэхүү “байлдан дагуулал”-д өртсөн хүмүүсийн нэг бол “Оникс Стоун” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал П.Лхамжав. Герман, Голланд, Францад 10 гаруй жил амьдарч, хөөмий, хархираа зэрэг ардын урлагаа европчуудад толилуулж явсан тэрбээр чулуунд татагдан энэ бизнест хөл тавьжээ. 2018 онд тэрбээр “Ганброс” компанийн үүсгэн байгуулагч найзууд болон гэр бүлийн хүний хамтаар Испаниас цөөн тооны хавтан оруулснаар олон жилийн мөрөөдөл нь биелсэн байна. Ярилцлагын үеэр П.Лхамжав Европт нүдээр үзэж, гараар мэдэрсэн чулуун хавтанг Монголд төдийлөн олж хардаггүй байснаа онцлон дурдсан юм.
Тэднийг зургаан мм-ийн нимгэн хавтангаар Монголд хөл тавихад “зузаан хавтан сайн” гэсэн ойлголт зах зээлд давамгайлж байсан. Гэтэл эрэлт төсөөлснөөс нь давсан байна.
Ийнхүү тэд эхлүүлсэн бизнестээ итгэлтэй болсон ч удалгүй цар тахал залгав. Европын тээвэр удааширч бизнесийн гараан дээрээ сорилттой учирсан үүсгэн байгуулагчид нэг татан авалтаар сайтар нөөц базаах “нүүдэл” хийжээ. Ярилцлагын үеэр П.Лхамжавын гэргий Ж.Отгончимэг “Карантины үе бол бизнесийн үндэс сууриа тавьж, үүр үдшийг ялгалгүй ажилласан хамгийн оргил ачааллын үе” байсан хэмээн дурссан билээ.

Дэлхийтэй хөл нийлүүлэгч
“Оникс Стоун” компанийнхан үйлдвэр, агуулахад тогтмол 7000 м² хавтангийн нөөцтэй ажилладаг. Өдгөө тэд захиалагчийн хүсэлтээр хэмжилт хийх, материал сонгох, дизайны шийдэл санал болгох, хавтан зүсэх, наах, угсрах зэргээр цогц үйлчилгээ үзүүлдэг салбартаа тэргүүлэгч компанийн нэг болжээ. Мөн интерьер, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компанитай хамтран ажиллаж байна. Энэ бол “Оникс Стоун” нийлүүлэгчээс төслийн хэрэгжилтийн чухал түнш болж чадсаны илрэл юм.
Энэ амжилтын ард борлуулалт, дизайн, санхүү, удирдлага, үйлдвэрлэл, гүйцэтгэлийн чиглэлээр ажилладаг 15 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бий.
Тэдний дийлэнх нь компаниа үүсгэн байгуулагдсаны дараахнаас ажиллаж эхэлсэн, цаашид ч чулууны гайхамшгийг танин мэдэх хүсэлтэй, ажил мэргэжилдээ дурлагсад. “Оникс Стоун” компанийн ерөнхий захирал П.Лхамжав хүний нөөцийн тогтвортой байдлаа баг, хамт олны ойлголцол, хүний нөөцийн бодлоготойгоо холбон тайлбарласан.
Тэд дотоодын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохын зэрэгцээ шинэ технологи, материалын шийдэл, дизайны чиг хандлагыг тогтмол судалдаг.
Ялангуяа синтеред чулуу, порселайн зэрэг орчин үеийн материалын хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед хөгжиж буй шийдлүүдийг дотоодын онцлогт тохируулан нэвтрүүлэх нь компанийн үйл ажиллагааны чухал чиглэл. Тиймдээ ч компанийн ажилтнууд жил бүр Итали, Герман, Турк, Хятад зэрэг орны үйлдвэрлэл, дизайны чиг хандлагыг тухайн оронд нь зочилж судалдаг. Одоо ониксчууд Монголын түүхий эдийн боломжийг шинжилж, чулуун хавтангийн технологийн тодорхой хэсгийг дотооддоо нутагшуулах эрэл хайгуул хийж байна.
Чулууны араншин
“Оникс Стоун”-ы хавтангууд 3-18 мм-ийн зузаантай, 80 гаруй өнгө загварын сонголттой. Ийм өргөн сонголттой хавтангаар юуг ч урлаж болно. Тухайлбал, том форматтай хавтан залгаасыг цөөрүүлдэг учир ханын өнгөлгөө, шал, тавилга, гадна фасад, угаалгын өрөө, нийтийн эзэмшлийн талбайг жинхэнэ утгаар нь амилуулна. Мөн нимгэн чулуун хавтангийн ард гэрэлтүүлэг хийж тансаг орчин бүтээж болно.
Компанийн сонголтод багтах порселайн болон Luxury Bulgaria, Crystal Pink зэрэг хавтангууд зөвхөн гадаргуу өнгөлөх үүрэгтэй бус. Харин тухайн орон зайн өнгө төрх, мэдрэмж, үнэ цэнийг тодорхойлох увдистай. Ялангуяа порселайн нь эдэлгээ, арчилгааны давуу талтайгаас гадна гал тогоо, угаалгын өрөө, зочны өрөө, ханын өнгөлгөө зэрэг олон төрлийн хэрэглээнд уян хатан шийдэл санал болгодог. Байгалийн өвөрмөц хээ, өнгөний тоглолттой Luxury Bulgaria орон зайд тансаг атлаа дулаан, амгалан мэдрэмж төрүүлж, интерьерийн гол акцент болдог.
Travertino төрлийн шаргал, сүүн өнгийн чулуун хавтан модон хийцтэй хоршихдоо мөн л дулаан, тайван мэдрэмж төрүүлнэ. Crystal Pink-ийн зөөлөн судал, байгалийн уран зураг мэт текстур нь минимал орчныг амилуулж, энгийн шийдэлд ч ялгарах төрх нэмдэг. Харин хөх, цэнхэр, хар өнгө давамгайлсан чулуун хавтан зочид буудал, ресторан, лобби, ресепшнийн орон зайд драматик төрх бүтээнэ.
Ониксчуудын нийлүүлж буй хавтанг хэрхэн бүтээснийг үйлчлүүлэгчид ихэд сонирхдог. Бүтээх арга нь ч тун сонирхолтой аж.
Байгалийн эрдэс, түүхий эдийг нарийн ширхэгтэй болгон нунтаглаж, өндөр даралтаар шахан, ойролцоогоор 1200°C-ийн температурт шатааж нягтруулна. Энгийнээр хэлбэл, байгальд чулуу бүрэлдэх үйл явцыг технологийн ололтоор товчилж буй хэрэг. Ийн нягтруулсан хавтан нь өнгө, текстур, судал бүрийг хүссэнээрээ бүтээх дизайны эрх чөлөө олгодог.
Энд компанийн баримталдаг нэгэн чухал зарчмыг тодотгох нь зүйтэй. “Ямар чулуу сонгох вэ?” гэдгээс илүү ямар материалыг хаана, хэрхэн ашиглахад хариу өгөх нь “Оникс Стоун”-ы гол зарчим. Зөв сонголт, зөв дизайн, зөв боловсруулалттай чулуу тухайн орон зайд өнгө төрх, үнэ цэн нэмээд зогсохгүй урт удаан эдэлгээгээр бүтээн байгуулалтын чанарыг тодорхойлдог. Тиймээс энэ ойлголтыг зах зээлд төлөвшүүлж, барилгын салбарт тавигдах чанарын шаардлага, хэрэглэгчийн хүлээлт, дизайны соёл, үйлчилгээний стандартыг шинэ түвшинд гаргах нь тэдний гол зорилго билээ.




Нийтлэлийг 2026 оны 09 дүгээр сарын "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 100 ЖИЛ" сэтгүүлийн тусгай дугаараас үзэх:


