Барилгын салбарт, тэр дундаа зураг төсөлд оюун санаа, хүч хөдөлмөрөө зориулж яваа зөвлөх архитектор А.Батцэнгэл 25 жилийн хугацаанд 300 орчим суманд ажиллажээ. Энэ бол архитекторын ширээний ард татсан “шугам” эх орны хаа ч хүрч болохыг илтгэж буй бодит жишээ юм. А.Батцэнгэл бол удам дамжсан архитектор. Түүний аав Монгол Улсын зөвлөх архитектор Я.Амарсайхан Монгол Улсад архитектурын мэргэжилтэн бэлтгэж эхлэх үеийн хамгийн анхны төгсөгчдийн нэг. Харин ээж С.Зэст нь барилгын инженер мэргэжилтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагад олон жил ажилласан нэгэн. Ийм орчинд өссөн түүнд мэргэжлийн “хүмүүжил” нь их сургуулиас гадна гэр бүлээр нь дамжин өвлөгджээ.

Тоонот констракшн
Монголчууд тооныг гэрийн "тэргүүн" буюу толгой хэмээн үзэж, дээдлэн хүндэлдэг. Тиймээс архитектор А.Батцэнгэл салбартаа тэргүүлэгч байхыг бэлгэдэн “Тоонот констракшн” хэмээн компаниа нэрлэжээ. Үнэхээр ч түүний байгуулсан компани салбартаа тэргүүлэгч байж чадсан. Салбарын яам 2012 онд тус компанийг “Зураг төслийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгаруулж байжээ. Энэ бол “Тоонот констракшн”-ы хамт олныг салбар бүрийн онцлогт нийцсэн шийдэл боловсруулж, улс орны өнцөг булан бүрд бүтээн босгосон их хөдөлмөрийг үнэлсэн хэрэг юм.
Компанийн гүйцэтгэсэн ажлуудаас Их засаг их сургуулийн хичээлийн барилгууд, "Зургаан талт" ХХК-ийн хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн Нарт хороолол, тансаг зэрэглэлийн Блю Скай Резиденс, "Эрхи" ХХК-ийн орон сууцны барилгууд, "Ар Ий Си" ХХК-ийн 480 айлын Шинэ өргөө хотхонийг дурдаж болно. Мөн “Саусгоби сэндс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Хангад эксплорейшн”, “Коже гоби”-ийн ажилчдын хотхон, “Эм Эл Цахиурт-Овоо” компанийн төмрийн хүдрийн баяжмалын агуулах, Хөшөөтийн нүүрсний уурхайн гаалийн хяналтын бүс зэрэг бүтээн байгуулалтыг зураг төслөөрөө шанг нь татжээ.



“Тоонот констракшн” цэцэрлэг, сургууль, сургалтын төв, оффис, эмнэлэг, амралт сувилал, спортын барилга, үйлдвэр, уул уурхайн хотхоны ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд оролцохын зэрэгцээ банк санхүүгийн салбарын онцлогийг ч ойлгож мэдэрдэг. Тодруулбал, тэд 21 аймгийн 100 орчим суман дахь Төрийн банкны салбар, тооцооны төвүүдийн зураг төслийг гүйцэтгэжээ. Мөн “Тоонот констракшн”-ы зураг төслөөр 40 гаруй сумын төвд Нутгийн удирдлагын ордон сүндэрлэсэн байна. Үүгээр зогсохгүй өнгөрсөн онд “Клин Энержи Ази” ХХК-ийн Цогтцэций дэх салхин станцын ажилчдын оффис, амрах байрны барилгын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.
Өдгөө “Тоонот констракшн” ногоон барилгын салбарт онцгой ач холбогдол өгч, энэ төрлийн барилгын төслүүдтэй хамтарсаар байна.
Тус компанид 15 дахь жилдээ ажиллаж буй мэргэшсэн архитектор Ж.Чинзориг эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгыг хөгжүүлэхэд салбартаа манлайлал үзүүлж буй шилдэг боловсон хүчний нэг билээ.
Салбарын ирээдүй
Архитектор А.Батцэнгэл барилгын салбарын дараагийн зууныг илүү ололттой байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч өөрийн идэвх оролцоогоор салбартаа хувь нэмэр оруулахыг хичээдэг. А.Батцэнгэл 2020-2023 онд Монголын Архитекторуудын эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол өдгөө Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоог тэргүүлэн ажиллаж байна.
Ярилцлагын явцад тэрбээр Монголын зураг төслийн салбар шинэ технологийг хурдтай нэвтрүүлэх шаардлагатайг хэдэнтээ онцолж байсан.
Үүний тулд зураг төслийн ажлын үнэлгээг зах зээлийн зарчимд нийцүүлэх нь эхний алхам аж. Ингэж чадвал инженерийн чанартай шийдэл төрж, шинэ технологи нэвтэрч, урт хугацааны хариуцлагын тогтолцоо бэхжих боломжтойг тэрбээр тодотгож байсан юм.



Нийтлэлийг "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 100 ЖИЛ" сэтгүүлээс унших:


