Монголчууд бид биед шаардлагатай шим тэжээлийг хоол хүнснээсээ хангалттай авч чаддаггүй. Тиймээс хоолондоо эх орны “мөөг”-өөр хувьсгал хийхийг танд зөвлөж байна. Ялангуяа эвэрлэг дэрвээлж буюу бидний нэрлэж заншсанаар хясаан мөөг нь холестерингүй уураг, бета глюканы төгс хослолыг агуулдаг. 

Мөөгний ид шидийг суурин соёлтой ард түмэн эртнээс мэдэрч, тарьж ургуулах арга техникээ хэдэн зууны тэртээгээс хөгжүүлж ирсэн. Энэ хэрээр хэрэглээ нь ч өндөр.

Хятад улсад нэг хүн жилд дунджаар 25-30 кг мөөг хэрэглэдэг бол Япон, Солонгост энэ үзүүлэлт 10-15 кг-аар хэмжигддэг. Харин манай улсад нэг хүнд ногдох мөөгний хэмжээ ердөө 200 гр. 

Мөн дийлэнх нь импортынх учир бид шинэ мөөг идэж чаддаггүй. Тиймээс үүнийг хүнсний хувьсгалчид өөрчлөхийг зорьж байна. Тэдний нэг нь “Мөөжиг органик мөөг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал. “Шарк танк” нэвтрүүлгээр хөрөнгө татаж бизнесээ шинэ түвшинд хүргэсэн тэрбээр есөн жилийн өмнө энэ талбарт хөл тавьсан. 

Энэ цагаас хойш мөөгний үрийн лаборатори байгуулж, хүлэмжийн мөөгийг үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэж чадсан. Өдгөө “Мөөжиг органик мөөг” ХХК хясаан мөөгийг улаан буудайн сүрэл, хусны үртэс ашиглан тариалж байна.

Мөн орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран бизнесээ кластераар хөгжүүлснээр жилийн дөрвөн улирлын туршид “ургац” хурааж, нийлүүлэлтийнхээ тогтвортой, найдвартай байдлыг бүрэн хангах болжээ.  

Аялал жуулчлалын мэргэжилтэй бүсгүй Монголд огт хөгжөөгүй шинэ салбарт зүрх сэтгэлээ өгч ийм хэмжээнд хүрнэ гэдэг том амжилт. Түүнийг дан ганц “мөөгчин” гэж тодорхойлбол алдас болно. С.Мөнхжаргал араасаа олон хүн дагуулж яваа “багш” хүн. Тэрбээр мөөгний биотехнологийн мэдлэг туршлагаа бусадтай хуваалцаж, хамтдаа урагшлахдаа үргэлж нээлттэй байдаг. 

“Шидэт” хүнсийг шинжлэх ухаанчаар хөгжүүлнэ

“Мөөжиг органик мөөг” ХХК-ийн хясаан мөөг эрүүл мэндийг дэмжих онцгой шидтэй. Хясаан мөөгөнд агуулагдах холестерингүй уураг, бета глюкан нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжин цусны эргэлтийг сайжруулдаг. Энэ төрлийн мөөгийг “байгалийн аспирин” гэх нь ч бий. Мөн махтай дүйх уураглаг учир мах, өөх тосны хэрэглээг бууруулах ухаалаг сонголт болдог. Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн түүхий мөөгөөр хязгаарлагдахгүй. 2023 онд найман тонн мөөг тариалсныхаа дараа хатаасан, нунтаг мөөг зах зээлд нийлүүлж, оливын тосонд дарсан, халуун чинжүүтэй, цуунд дарсан хэлбэрээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлж эхэлжээ. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлыг чухалчилж, шинжлэх ухаанчаар, стандартын дагуу бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн байна. 

С.Мөнхжаргал мөөгний бизнесээсээ өмнө аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан. Тиймдээ ч зочлох үйлчилгээний салбарын хүч, нөлөөг хамгаас сайн мэднэ. Тэрбээр хамтран ажилладаг жуулчны бааз, зоогийн газруудынхаа тоог нэмэх замаар монгол мөөгийг илүү олон хүнд амтлуулахыг зорьж байна. Дотоодын шинэ мөөг урт зам туулсан импортын мөөгнөөс гойд илүү учраас мартагдашгүй амтыг та Мөөжигийн мөөгөөр урлаарай.

“Мөөжиг органик мөөг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаараас нийтлэв.