АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр Шэньжэнь хотод гурван талт уулзалт хийнэ. Тэд яг юу ярилцаж хэлэлцэх нь одоогоор тун бүрхэг байна. Магадгүй чухам үүнд л уулзалтын утга учир оршиж байж мэднэ. Ийм өндөр түвшний уулзалтын үр дүнг ихэвчлэн урьдчилан ярилцаж тодорхойлдог. Улмаар талууд хэдэн сарын турш эрчимтэй бэлтгэж, байр сууриа бие биедээ урьдчилан ойлгуулдаг.

Гэвч Д.Трамп шиг тааж таамаглахын аргагүй ерөнхийлөгч оролцож байгаа цагт Шэньжэний уулзалтын өмнөх бэлтгэл төдийлөн ач холбогдолгүй юм. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлыг уулзалтын гол сэдвийн нэг гэж зарласан ч энэ чиглэлд дорвитой ахиц гарах найдлага бага. Хятадын талын хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон “дэлхийн энх тайвныг сахин хамгаалах” тухайд бүр ч яриад хэрэггүй. Гэтэл Д.Трамп гэнэт Иран, Украин, Nvidia-г дурдаж, бүр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж магадгүй гэсэн санааг цухуйлгав.

Дэлхийн удирдагчдын яриа хэлэлцээ урьдчилан тохирсон хөтөлбөрөөс хазайх нь шинэ зүйл биш. Гэхдээ энэ пүрэв гарагийнх шиг уулзалтын хувьд энэ нь тун эрсдэлтэй. Ялангуяа Украины асуудал ярианы сэдэвт орж ирвэл.

Шэньжэний уулзалтаас ямар ч мэдэгдэл гарлаа гэсэн Украин болон Европын холбоотнууд гэнэт буулт хийхгүй. Учир нь тэд Вашингтоны, тодруулбал Д.Трампын хувирамтгай занд хэдийн дасжээ. Харин Д.Трамп эрх мэдэлтэй, автократ удирдагчдад таалагдахыг хүсдэг нь аюултай зүйл юм.

Хаалттай хаалганы цаана тэд юу тохирох, тэр тохироо В.Путины өөртөө итгэх итгэлд, мөн Д.Трампын сэтгэцийн эрүүл мэндийг Ши хэрхэн үнэлэхэд яаж нөлөөлөх нь олон асуудал, магадгүй эрсдэлийг дагуулна.

Энэ удаад В.Путин ямар ч үнэ төлөлгүйгээр дэлхийн тавцанд дахин тодрон гарах боломжтой боллоо. Ингэснээр Орос орныг нэг өдрийн турш ч болов урьдын их гүрэн шиг харуулж чадна. Тиймээс Европын томчууд түгшиж байгаа нь илт. “Трамп хамгийн сүүлд ярьсан хүнийхээ үгийг л сонсдог. Тиймээс дараа нь юу хэлэхийг нь тэр яриа ихээхэн тодорхойлно” гэж нэрээ нууцлахыг хүссэн Европын нэг албан тушаалтан хэлжээ. Харин Европын нэг дипломатч “Энэ уулзалтаас Европын аюулгүй байдалд ашигтай зүйл гарна гэхэд бэрх” гэв.

Уулзалтын дараа гурван удирдагчийн хамт авахуулах ганц зураг Өрнөдийн нөлөө хэрхэн буурсныг дэлхий дахинд 1000 үгнээс илүү тод өгүүлнэ. Тэрхүү зураг дээр таван жилийн өмнө Украин руу халдан довтолсон хүн, түүнийг санхүүгээр голлон ивээн тэтгэгч болон цэргийн тусламжаа хязгаарлах замаар Киевийг ашиггүй тохиролцоог хүлээж авахад шахахын тулд АНУ-ын олон арван жил баримталсан бодлогыг өөрчилсөн ерөнхийлөгч зэрэгцэн зогсох болно.

Д.Трамп Украины дайны талаарх Оросын тайлбарыг, эсвэл фронтын бодит байдлыг гуйвуулсан дүр зургийг үнэн гэж хүлээж авах нь гол эрсдэлийн нэг юм. Биширдэг гэдгээ бараг нуудаггүй хатуу гарт хоёр удирдагчтай яаран хийсэн тохиролцоогоо тэрбээр заавал дагах ёстой гэж үзвэл байдал бүр бишиднэ.

Бээжин энэ дайнд шударга зуучийн үүрэг гүйцэтгэж магадгүй гэсэн найдлагыг Европын олон албан тушаалтан тээж байгаа бололтой. Ши цөмийн зэвсгээр сүрдүүлэхээ болихыг В.Путинээс шаардсан байж ч магадгүй. Түүнчлэн Хятад эл дайны турш Оросыг бүрэн хэмжээгээр зэвсэглэхээс түдгэлзсээр буй. Бас Бээжин бодит өөрчлөлт авчирч чадах дэлхийн их гүрэн болохыг зорьж байгааг мартаж болохгүй.

Гэхдээ ийм өөдрөг төсөөлөл нэг чухал зүйлийг орхигдуулж байна. Хятадын хувьд нэг гол холбоотон нь шившигтэй ялагдал хүлээхээс сэргийлэхийн тулд Москва энэ дайнд ялагдахгүй байх нь нэн чухал. АНУ энэ онд Хятадын холбоотон болох Иран, Венесуэлд хүч түрж, байр суурийг нь сулруулсан. Тийм учраас Барууныхан Украинд байр сууриа алдаж, ялагдал хүлээхийг Бээжин хүсэж байж ч мэднэ.

Шэньжэний дээд хэмжээний уулзалтыг Д.Трамп Москвагийн нөлөөнд улам автсаны жишээ гэж үзэхэд нэг их хилсдэхгүй. Олны өмнө хийсэн зарим алхам нь ийм таамаглал үндэслэлтэй гэдгийг илэрхийлж буй. Тэрбээр бүр Украинд В.Путин “илүү хатуу хандаж болох байсан” гэж хэлсэн билээ.

Их гүрнүүд дэлхийг хувааж авч магадгүй “Ялта 2.0” болно гэж Шэньжэний дээд хэмжээний уулзалтыг тодорхойлж байгаа зарим хүний байр суурь бодит биш юм.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайны дараах дэлхийг уг дайнд ялсан гурван гүрэн 1945 оны Ялтын анхны уулзалтаар хувааж авсан. Хожим тэдний заримынх нь эзэнт гүрэн нуран унаж, заримынх нь улам мандсан билээ.

Шэньжэнд ирэх удирдагчид хоорондоо их ялгаатай. Д.Трамп, В.Путин хоёр тус тусын сонголтоор эхлүүлсэн, бүтэл муутай дайнаа үргэлжлүүлж байна. Нас өндөр болсон энэ хоёр удирдагчаас улс орных нь хүч нөлөө буурч буйг харж болно. Ши Хятадыг хатуу гараар, гайхмаар үр дүнтэйгээр, богино хугацаанд дэлхийн технологийн их гүрэн болгосон. Гэсэн ч Тайвань руу довтолж, өөрийн шийдвэрээр дайн эхлүүлэхээс тэр одоо халширч байна.

Дэлхийн II дайны дараа түүх Х.Трумэн, Й.Сталин, У.Черчиллийг сонсохоос өөр аргагүй байлаа. Харин Шэньжэньд өрнөх яриаг түүх чихнийхээ хажуугаар өнгөрөөж мэднэ.

Нас өндөр болсон гурван удирдагчид дэлхийг өөрчлөх хугацаа бага үлджээ. Ши 73, В.Путин 74, Д.Трамп 80 настай. Тэд автократ засаглалын түүхэнд зуурдын үзэгдэл болоод өнгөрч ч мэднэ. Гэвч тэдний цаг багасаж байгаа нь АНУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хоёр жилийг бүр ч аюултай болгож байна.

Эх сурвалж: CNN