Талуудын байр суурийг багцлан хүргэе.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Эрчим хүчний яам Оюутолгойн сэргээгдэх эрчим хүчийг дотоодоос хангах 600 МВт-ын аукционыг олон нийтэд мэдээлэхгүйгээр, нууцаар зарласан” гэж шүүмжилсэн. Мөн Шадар сайд Т.Доржхандын харьяанд Эрчим хүчний яамтай давхцсан "Эрчим хүчний экспортын хэлтэс" байгуулж, стратеги боловсруулах нэрээр 792 сая төгрөгийн өндөр өртөгтэй тендер зарласан. Төрийн байгууллага нь төрийн ажлын тендерт оролцож байгааг буруушааж, энэ бүтцийг татан буулгах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэрбээр Б.Найдалаа сайдыг "эрчим хүчний салбарыг сүйрүүлж, тоглож байна" хэмээн хатуу шүүмжлээд байгаа юм.  

Эрчим хүчний сайд Б.Найдалаа хариуд нь "М.Энхцэцэг гишүүн аукционыг өөрийн сайн мэддэг тендертэй хутгаж ойлгоод байна. Тэмээ, ямаа шиг ялгаатай зүйл" хэмээн хариулсан. Аукцион нь техникийн нөхцөл, үнийг нээлттэй хаялцуулж шийддэг хууль журмын дагуух ажил бөгөөд юуг ч нууж хаагаагүй” гэв.

Харин Оюутолгой 2013 оноос хойш жилд 140 сая орчим ам.доллароор эрчим хүч импортолж, 100 хувь гаднаас хараат байгааг дурдсан. Үүнийг дотоодоосоо хангах нь улсын эрх ашиг бөгөөд техникийн суурь нөхцөл нь саяхан бүрдсэн тул цаг алдалгүй нээлттэй үнэ хаялцуулах замаар хувийн хэвшлийг оролцуулан шийдвэрлэх гэж байгааг тайлбарлав. Түүнчлэн тэрбээр "Дуугүй байх тусам зарим нэг хүн бүр галзуураад, улайраад байгаа бололтой" гээд, инженер техникийн ажилчдын зургийг цахим хуудсандаа байршуулан, гишүүнийг салбарынхныг гүтгэн доромжлохоо зогсоохыг шаардаад байгаа юм.

Харин энэхүү маргаанд иргэд болон цахим хэрэглэгчид хоёр тал болон хуваагджээ. Б.Найдалаа сайдыг шүүмжлэгчид “Эрчим хүчний салбарт мэргэжлийн бус хүмүүс удирдлагад ирснээр өвлийн бэлтгэл хангалтгүй байх, салбар мөнгө угаах хэрэгсэл болох эрсдэлтэй гэж шүүмжилж, М.Энхцэцэг гишүүний хяналт тавьж буйг дэмжсэн. Харин нөгөө талд улс орны эрчим хүчний томоохон төслүүдийг явуулах гэхээр "хажуунаас нь хуцаж, ажлыг нь гацаадаг" улстөржилт хэрээс хэтэрлээ, 45 жил шинэ эх үүсвэр бариагүй байж хийх гэж байгааг нь шүүмжлэхээс цаашгүй байна хэмээн М.Энхцэцэг гишүүнийг буруутгаж, шинэчлэлийг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байна.

Монгол Улсын зөвлөх инженер Г.Ёндонгомбо “УИХ-ын гишүүн М. Энхцэцэгийн сүүлийн мэдэгдэлд салбарын толгой инженерүүдтэй зөвлөлдөн хариу өгөхөөр шийдлээ. Таны нэр хүнд эрчмийн салбарт нэг их сайн байгаагүй ээ. Гэхдээ гишүүн болсноос чинь хойш маш их дэмжиж байсныг санаж байгаа байлгүй. Нэгийгээ үгүйсгэсэн утгатай “их мэдэх” хандлага нь салбарын биднийг доош хийж, салбар дээр улс төр хийх гэсэн оролдлого гэж үзэж байна. Эрхэм гишүүний салбараа мэдэх мэдлэг “иймхэн” байгаад маш их харамсаж байна” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

УИХ-ын Б.Жавхлан “Б.Найдалаа сайдын зөв. Манай тендерийн хуулиар хугацаа их алдана. Харин аукцион бол богино хугацаанд хамгийн хямд үнээр төвийн шугамд нийлүүлж чадах цахилгааны эх үүсвэрийг эцсийн хэрэглэгчдэд хүргэж өгөх систем юм” хэмээн мөн байр сууриа илэрхийлжээ.

Ямартай ч хорвоо дэлхий хүйтэрдгээрээ хүйтэрнэ. Бид дүн өвлөөр тогоо таслуулдгаараа таслуулна. Тиймээс ирээдүйгээ харсан, зөв шийдвэрийг цаг хугацаа алдалгүй хийх нь эрчим хүчний салбарын өмнө тулгараад байгаа хамгийн том асуудал юм.  Улс орны хөгжлийн эхэнд байх энэ чухал салбарт улстөржилт хэрээс хэтэрхээр ямар үр дүнд хүрдгийг бидний өмнөх түүхүүд гэрчилнэ. Зөв зам руугаа яваасай гэж найдна.