Монгол анагаах ухааны “ид шид”-ийг дэлхийд түгээн дэлгэрүүлэгчдийн нэг бол уламжлалт анагаах ухааны их эмч Б.Мягмаржав. Түүний олон жилийн мөрөөдөл АНЭУ-ын Дубай хот дахь “Монгол Номад” эмнэлгээр биеллээ олж байна.

Арабын ертөнц дэх Монгол эмнэлэг

Б.Мягмаржав 2017 онд Этүгэн их сургуулийг уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгсжээ. Түүний хувьд эмч болох нь жирийн сонголт байсангүй. Аав Ч.Баасанжав нь уламжлалт анагаах ухааны эмч, лам хүн байсан учраас хүнийг эмчлэх арга ухаан, уламжлалт анагаахын ном судар дунд тэр өсжээ. Гэр бүлийн үнэт зүйлтэй нь салшгүй холбогдох түүний ажил мэргэжил Б.Мягмаржавд дэлхийн олон орноор аялах, анагаахын салбарын хүндтэй эмнэлгүүдээр зочлох, туршлага солилцох боломжийг нээж өгсөн байна. 

Монголын “уламжлалтынхан”-д маш их боломж бий гэдгийг Б.Мягмаржав оюутан ахуйдаа л ойлгочихсон байжээ. Ийнхүү тэрбээр сургуулиа төгссөнөөс  есөн жилийн дараа өөрийн эмнэлгээ Дубайд байгуулаад байна.

“Монгол Номад” эмнэлэг Эмиратад үүдээ нээсэн нь Монголын уламжлалт анагаах ухааныг олон улсад таниулах түүний жижиг боловч бодит алхам гэдгийг тэрбээр онцолж байлаа. 

Дубай бол олон үндэстэн, ондоо соёлын огтлолцол, басхүү бизнес, хөрөнгө оруулалтын гол цэг. Тэнд Монголын хэмээх тодотголтой эмнэлэг нээгдсэн нь уламжлалт анагаах ухаанаар замнаж буй хэн бүхэнд салбарынхаа ирээдүйг илүү баялаг өнгөөр харах боломжийг олгож буй. 

Аялагч зүүний эмч

Б.Мягмаржавын карьерын газрын зургийг дэлгэвэл сонирхолтой дүр зураг ажиглагдана. Тэрбээр Этүгэн их сургуулийг уламжлалт анагаахын чиглэлээр улсдаа тэргүүлдэг хэмээн үнэлдэг тул тус сургуульд элсэн суралцжээ. “Эмч хүн эрдэм мэдлэг, эмчилгээний ур чадвараас гадна ёс зүй, энэрэх сэтгэл, эерэг харилцаа хандлагыг дадуулсан байх ёстой. Этүгэн сургууль хүнийг жинхэнэ хүн болгож төлөвшүүлдэг. Үүгээрээ ч үнэлэгддэг. Суралцагчид нь нээлттэй, өсөх сэтгэлгээтэй болдгийн гол нууц сургуулийн философид оршдог” хэмээн тэрбээр амьдралын гараанд хөтөлсөн их сургуулийнхаа талаар дурссан юм. 

Харин сургуулиа төгссөнөөс хойш Б.Мягмаржав ОХУ, Молдав, Индонез, Тайланд, Тайвань, АНЭУ зэрэг 16 улсын 50 гаруй хотод мэргэжлээрээ ажиллажээ.

Олон орноор аялаж, суралцаж, туршлага хуримтлуулсан тэрбээр өдгөө “Traveling Acupuncture Doctor” буюу “Аялагч зүүний эмч” хэмээх нэрээр үйлчлүүлэгчид болон салбарынхандаа танигдаад буй. 

“Аялагч зүүний эмч” хэмээх алдар түүний ажил, амьдралын хэв маягийг бүрэн илэрхийлдэг. Их эмч Б.Мягмаржав зүү эмчилгээний чиглэлээр АНУ-д Мишел Геллис  багшийн үүсгэн байгуулсан Facial Acupuncture Academy-ийн ахисан шатны хөтөлбөрийг дүүргэсэн. Мөн АНУ-ын The School of Acupuncture-д доктор Илин Юэ-Лин Хан (Dr. Eileen Yue-Ling Han) багшийн Тэнцвэржүүлэх зүү эмчилгээний арга барилд суралцжээ. Энэ  нь Б.Мягмаржав эмч уламжлалт анагаах ухаан дотроо зүүтэй илүү дотно нөхөрлөснийг илтгэнэ. 

Түүнчлэн тэрбээр Этүгэн их сургуульд эзэмшсэн боловсрол, дипломоо АНУ-ын холбогдох мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үнэлүүлжээ. АНЭУ-ын Дубайд ч мөн мэргэжлийн дипломоо хүлээн зөвшөөрүүлсэн байна. Энэ бүхэн түүнийг алс хол Арабын ертөнцөд өөрийн эмнэлгээ байгуулахад чухал суурь болжээ.

Үүнээс өмнө Б.Мягмаржав эмч Молдав улсын нийслэл Кишинев хотын дорно дахины анагаах ухааны анхны эмнэлэг болох Tibet Med эмнэлэгт ч ажилласан туршлагатай.

Харин Дубайн замналынх нь тухайд, 2021 оноос эхэлжээ. Тодруулбал, тус хот дахь King China Acupuncture болон Zhongguo TCM Medical Center эмнэлгүүдэд ажиллаж эхэлснээр уламжлалт анагаах ухаанд том боломж бий гэсэн итгэл үнэмшил нь батжиж, ирээдүйн эмнэлгийнхээ орон зайг тэрбээр олж харсан байна. 

Б.Мягмаржав эмч сурсан мэдсэн, мэддэг чаддагаа бусадтай хуваалцахыг хэдийнээс чухалчилж ирсэн. Учир нь тэр ч мөн бусдаас суралцаж байж шинэ замуудыг олж харсан. Өдгөө тэрбээр “Traveling Acupuncture Doctor” фэйсбүүк хуудсаараа дамжуулан эмч, оюутнуудад олон улсад хуримтлуулсан туршлагаасаа тогтмол хуваалцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр санаачлагч

Б.Мягмаржав оюутан байхдаа гадаадад суралцахыг хүсдэг ч хаанаас эхлэх, хэнд хандах, ямар шаардлага хангах ёстойгоо тэр бүр мэддэггүй байжээ. Олон улсын сургалт, гадаадад  ажиллах боломжийг эрж хайж, хаалга тогшиж, улс орон дамжин суралцаж байж тэр өнөөгийн туршлагаа хуримтлуулсан. Тиймээс есөн жилийн турш туулсан замаа хэрхэн яаж дөтлөхийг залуу эмч нар, оюутан залууст зааж зөвлөхийг хүсжээ. 

Ингээд тэрбээр энэ оноос тэтгэлэгт хөтөлбөр санаачилж, Этүгэн их сургуулийн “уламжлалт”-ын оюутнуудыг хөтөлбөртөө хамруулаад эхэлжээ.

Энэ жил гэхэд, тавдугаар курсийн дөрвөн оюутныг шалгаруулж, ОХУ-ын Оренбург хотын “Река Жизни” эмнэлэгт дадлагажуулсан байна. Ингэхдээ онгоцны зардал, байрлах байр зэргийг нь бүрэн хариуцсаны зэрэгцээ нэг хичээлийн жилийнх нь сургалтын төлбөрийг 100 хувь тэтгэлгийн хүрээнд шийдвэрлэсэн байна. “Река Жизни” эмнэлгийн тухайд, мөн л түүний хамтран ажилладаг эмнэлэг юм. Б.Мягмаржав эмч 2017 оноос хойш өнөөг хүртэл тус эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байна. 

Дубай дахь “Монгол Номад” эмнэлгээрээ тэрбээр оюутан ахуйн мөрөөдлөө биелүүлсэн. Одоо түүний бас нэгэн зорилго нь тэтгэлгээрээ дамжуулан монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах эрхэм үйлсэд улам олуулаа хүчин зүтгэх юм. 

Mongolian Economy сэтгүүл, "Их сургууль бүтээгч" үндсэн дугаараас, 2026 оны 9-р сар