Өнгөрсөн бямба гарагаас эхэлж Франц улс даяар боловсролын стандарт муудсан болон амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбогдуулан өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Эхэндээ үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаал байсан боловч хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын эхлэл болсны улмаас Францын Засгийн газар уг жагсаалыг "хүчирхийллийн хурцадмал байдал" гэж тодорхойлжээ. Дотоод хэргийн яамны тооцоолсноор мягмар гарагт улс даяар 266,000 хүн жагсаалд оролцсон бөгөөд үүнд Парист 56,000 хүн оролцсон байна. Улмаар аравдугаар сарын 18-ны мэдээллээр баривчлагдсан хүний тоо 2,400 орчимд хүрчээ. Энэ үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж, цагдаа нар цугларсан олны эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ. Харин “Le Monde” сонины мэдээлснээр амралтын өдрүүдийн үймээний үеэр цагдаа, гал сөнөөгч зэрэг нийт 997 алба хаагч гэмтжээ.
Мөн нийслэл Парис болон Лимож, Лион хотод барилга байгууламжуудыг олноор шатааж, Ницца, Страсбург, Сен-Дени зэрэг хотод эмх замбараагүй байдал үүсэж, хэд хэдэн хотод дээрэм тонуул гарч, хотын захиргааны байрууд болон худалдааны төвүүдийг эвдлэн сүйтгэх үйлдэл олноор бүртгэгджээ. Тухайлбал, Лимож хотын 143 жилийн настай захиргааны барилгыг галдан шатаасан. Бордо хотын бэлэг тэмдэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн талбайн орчимд гал гарсан байна.
Carrefour сүлжээний гүйцэтгэх захирал Александр Бомпар “BFMTV”-д ярихдаа компанийн 50 дэлгүүр эвдэрч, үүнээс 20 нь дээрэмдүүлсэн, хохирол нь хэдэн арван сая еврогоор хэмжигдэж байгааг мэдэгджээ. Дотоод хэргийн сайд Лоран Нюньес үймээний дараа огцрох хүсэлтээ өгсөн боловч Макрон хууль сахиулах байгууллагын удирдлагын тасралтгүй ажиллагааг хангах шаардлагатай гэж үзэн, хүсэлтийг нь хүлээж аваагүй юм.

Үүний дараа тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон ард түмэндээ хандаж иргэдээ амар тайван байхыг уриалан “Өнөөдөр бид бүгд уур хилэн, ичгүүрийг мэдэрч байна” гэж хэлсэн байна. Тэрбээр уг үймээн самууны шалтгааныг гэмт хэргийн элементүүдтэй нэгдсэн хэт зүүний үзэлт бүлгүүдийн босогчид гэж буруутгасан бөгөөд “Дээрэм тонуул хийсэн хүмүүс нөхөн төлбөр төлөх ёстой. Уг үймээний үеэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шүүхэд өгнө” гэж мэдэгджээ.
Мөн Э.Макрон үймээн дэгдээгчдийг үнийн өсөлт, түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсагчидтай андуурч болохгүй гэж хэлсэн бөгөөд түлшний үнийн өсөлт нь Ойрх Дорнодод болж буй дайны үр дагавартай холбоотой гэж дурдсан байна. Тэрбээр Франц дахь түлш, хийн хангамжийг шийдвэрлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, удахгүй Персийн булангийн орнуудаар айлчлахаар төлөвлөж байгаа аж.














