Уулзалтын үеэр "Какао Банк"-ны төлөөлөгчид Монголын анхны дижитал банк болох МБанк-д хөрөнгө оруулж, стратегийн хамтын ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Мөн БНСУ-д амжилттай хэрэгжүүлж буй дижитал банкны шийдэл, санхүүгийн технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга хийжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын орчин үеийн дэвшилтэд үйлчилгээ, технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэх бодлогыг тууштай дэмжиж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, өрсөлдөөнтэй санхүүгийн үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллаж буйгаа онцолсон байна. Мөн үүнтэй уялдуулан шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зохицуулалтын дэмжлэгийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, БНСУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын дижитал шилжилт, төлбөрийн системийн хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээ болон финтекийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцжээ.

Энэ уулзалт Солонгосын бизнес, санхүүгийн хэвлэлүүдийн анхаарлыг мөн татсан байна. The Korea Herald сонин “Kakao Bank eyes bigger role in Mongolia’s digital finance” гарчигтай нийтлэлдээ Какао Банк Монголын дижитал санхүүгийн зах зээлд оролцоогоо өргөжүүлэхээр зорьж буйг онцолжээ. Тус хэвлэлд “Какао Банк” МCS Групп болон МБанктай хамтын ажиллагаагаа ахиулж, Монголын зах зээлд тохирсон уламжлалт бус өгөгдөлд суурилсан зээлийн үнэлгээний загвар хөгжүүлэхээр ажиллаж байгааг дурдсан байна.

Мөн үүнээс өмнө "The Korea Herald", "The Korea Times", "BusinessKorea", "The Investor" зэрэг Солонгосын бизнес, санхүүгийн хэвлэлүүд “Какао Банк” МCS Групптэй стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монголын МБанкад хөрөнгө оруулалт хийх, дижитал банкны технологи болон зээлийн үнэлгээний шинэ загварыг хамтран хөгжүүлэхээр төлөвлөж буйг мэдээлсэн. Тэдгээр нийтлэлд Монголыг Индонез, Тайландын дараах “Какао Банк”-ны дараагийн стратегийн гадаад зах зээл, цаашлаад Төв Азийн бүс нутагт тэлэх суурь гэж тодорхойлсон байна.