Малын үнийн өсөлт тасралтгүй үргэлжилсээр байна. Тухайлбал, хязаалан гунан үхрийн дундаж үнэ нэг жилийн дотор хоёр дахин өсөөд 2.9 сая төгрөгт хүрсэн аж. Үндэсний статистикийн хорооны есдүгээр сарын мэдээллээс харахад малын үнийн өсөлт ганц үхрээр тогтсонгүй. Эр хонины дундаж үнэ хагас сая төгрөгт дөхөж, эр ямаа 320 мянгад хүрсэн бол ат, соёолон үрээний үнэ ч нэмэгджээ.

Гэхдээ малын үнэ өсөхөд түүхий эд нь дагаж үнэд орсонгүй, өмнөхөөсөө хямдарчээ. Тодруулбал, үхрийн ширийн үнэ өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурч, дунджаар 6,100 төгрөг болжээ.

Харин ноолуурын үнэ килограмм нь дунджаар 135 мянган төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 32.4 хувиар өссөн байна. Сүүлийн дөрвөн жилийн есдүгээр сарын үнийг харьцуулахад энэ нь хамгийн өндөр өсөлт юм. 

Малчдын хувьд өвлийн бэлтгэлийн нэг гол “түүхий эд” болох өвс аймаг бүрд ялгаатай үнэтэй байна. 20 килограммын нэг боодол өвс Дорнодод 6000 төгрөг, Говь-Алтайд 22 мянган төгрөгийн үнэтэй байга аж.