Банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд  олон улсын зах зээлд бонд гаргана гэдэг нүсэр ажил. Хөрөнгө оруулагчдын өмнө компанийн нэр хүнд, засаглал, эрсдэлийн удирдлага, төлбөрийн сахилга батаа шалгуулж, гадаад зах зээлд хөл тавих нь цар хүрээгээ хэмжүүлэх, “дүн тавиулах” хамгийн бодит алхам юм.  Тэр тусмаа олон улсын зах зээлд хэдэнтээ гарч чадна гэдэг өрийн удирдлагын бодлого оновчтой байгаагийн илрэл. Басхүү “итгэл” хэмээх үнэт активыг хилийн чанадаас татан төвлөрүүлж буй хэрэг юм. Энэ амжилтын эзэн бол “Монголын ипотекийн корпораци (МИК) ОССК” ХХК. 2019 оноос хойш тэд олон улсын зах зээлд гурван удаа бонд санал болгож, ам.долларын урсгалыг дотоод руу чиглүүлсэн билээ.

Амжилтын буухиаг эхлүүлсэн “Өэлүн” бонд

МИК 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд “Өэлүн” бондоороо анхлан хөл тавьж,  250 сая ам.долларын санхүүжилт татав. Гадаад зах зээлд арилжсан анхны үнэт цаас болох “Өэлүн” нь гурван жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй. Тухайн үед энэ бонд харьцангуй боломжийн өртөгтэй бондод тооцогдож байсан. Басхүү хөрөнгө оруулагчдын захиалга өндөр байсантай холбоотойгоор дахин 50 сая ам.доллароор нэмэгдүүлж, татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хэмжээ 300 сая ам.долларт хүрсэн. “Монголын” гэх боломжит хувилбар бий болсныг гадаад ертөнцөд зарлан тунхагласан “Өэлүн” бонд МИК-ийг гаднын хөрөнгө оруулагчидтай урт хугацааны харилцаа эхлүүлэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн. Энэ утгаараа “Өэлүн” бонд түүхэн хэлцэлд тооцогддог. 

МИК-ийн хувьд, олон улсад гаргаж буй бондын санхүүжилт нь тэдний  үйл ажиллагааны цар хүрээг тэлэх чухал суваг.

Энэ сувгийг нээж өгсөн “Өэлүн” бондын хэлцлээр МИК зөвхөн хөрөнгө татаагүй. Харин Монголын хөрсөнд цоо шинээр нутагшсан ипотекийн санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад бодитоор танилцуулсан билээ.

Тухайн үед МИК нь Moody’s агентлагаас B3, S&P агентлагаас B түвшний үнэлгээтэй байсан нь Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй дүйцэж байсан. Хөгжиж буй зах зээлээс гаралтай, ипотекийн хоёрдогч зах зээлийн чиг үүрэгтэй байгууллага олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө ийм үнэлгээтэйгээр гарч, 300 сая ам.долларын эх үүсвэр татсан нь Монголын санхүүгийн зах зээлд итгэл төрүүлж, гадаад зах зээлээс хөрөнгө татах шинэ эхлэлийг түүчээлсэн. Хамгийн чухал нь  Монголын орон сууцны санхүүжилтийн тогтолцоог  урт хугацаат мөнгөний зах зээлтэй холбохдоо гадаадын хөрөнгө оруулагчдын хүчийг нэмснээрээ түүхэн үйл явдал байсан юм.

 Итгэлийн баталгаа “Бөртэ” бонд

“Өэлүн” бондоор эхэлсэн энэ харилцаа МИК-ийн хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд нэг удаагийн оролцоо байсангүй. Хөрөнгө оруулагчдын өмнө анх танигдсан байгууллага дараагийн удаа өрийн хэрэгслээ хугацаанд нь шинэчилж, зах зээлд эргэн гарах шаардлагатай болдог. Энэ шалгуур МИК-д 2021 онд ирэв. “Өэлүн” бондыг дахин санхүүжүүлэх зорилгоор олон улсын зах зээлд эргэн гарч, гурван жилийн хугацаатай, жилийн 8.85 хувийн хүүтэй 250 сая ам.долларын “Бөртэ” бондыг амжилттай арилжаалсан юм. 

Хүүгийн түвшин 9.75 хувиас 8.85 хувь болж буурсан нь “Бөртэ” бондын хамгийн тод үзүүлэлт байлаа. Энэ нь МИК өмнөх бондын төлбөрийн хугацааг төлөвлөгөөтэй удирдаж, өрийн дараагийн мөчлөгөө илүү таатай нөхцөлөөр эхлүүлснийг харуулсан. Олон улсын зах зээлд бондын хугацаа дөхөхөд хөрөнгө оруулагчид тухайн байгууллагын санхүүгийн сахилга, тайлагналын чанар, ирээдүйн мөнгөн урсгал, зах зээлд дахин гарах чадварыг нарийн хардаг. “

Өэлүн” бонд МИК-ийн нэрийг олон улсын хөрөнгийн зах зээлд анхлан гаргасан бол “Бөртэ” бонд тэр нэр хүндийг сахилга бат, дахин санхүүжилтийн үр дүнгээр баталгаажуулсан юм. 

Дэлхийн улс орнууд хаалгаа барьж, экспорт хумигдаж, гадаад валютын нөөц багассан “Ковид-19” цар тахлын хүнд үед МИК-ийнхэн хилийн дээс давалгүйгээр “Бөртэ” бондыг олон улсад гаргасан. Энэ үйл явдал Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, банкуудын хөрвөх чадварыг сайжруулснаараа том амжилтад тооцогддог.

Сорилтод үеийн хэлцэл “Хулан” бонд

2024 онд нөхцөл байдал өмнөхөөсөө өөр байлаа. “Ковид-19” цар тахлын дараа дэлхийн санхүүгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, төв банкуудын мөнгөний бодлого чангарсан үе “Хулан” бондын хэлцэлтэй давхацдаг. Ам.долларын эх үүсвэрийн өртөг өсөж, хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөж шаардаж байсан тэр үед 225 сая ам.долларын “Хулан” бондыг арилжаалсан юм. 

“Хулан” бондын тухайд, ээлжит санхүүжилтээс илүүтэй өрийн хугацааг удирдах, хөрөнгө оруулагчидтай харилцаагаа хадгалах, зах зээлд тогтвортой оролцогч гэдгээ харуулах зорилготой хэлцэл байв. Энэ утгаараа нөхцөл, зохион байгуулалтын хувьд өмнөх гаргалтуудаас илүү нарийн, сонирхолтой байсан гэж болно. 

Монгол Улсын валютын нөөцөөс гадагш чиглэх мөнгөн урсгалыг хойшлуулж чадсан “Хулан” бонд үнэт цаас гаргагч МИК-ийн хувьд, зөвхөн эх үүсвэр татах ур чадварын сорилт байгаагүй. Хөрөнгө оруулагчдын итгэлцлийг бэхжүүлэх, сахилга батаа бататган харуулах хэлцэл байсан билээ. 

“Deutsche Bank”, “Korea Investment & Securities Asia Limited”, “Morrow Sodali Limited” зэрэг олон улсын хөрөнгийн зах зээлийн зөвлөх компаниуд, мөн дотоодын зөвлөх "TDB Securities" ҮЦК сорилтот үеийн энэхүү хэлцэлд гол тулгуур байсныг МИК-ийн зүгээс онцолсон.

“Хулан” бондын жилийн хүү 11.5 хувиар тогтсон. Хэдийгээр өмнөх хоёр хэлцэлтэй харьцуулахад хүү өндөр ч дэлхийн санхүүгийн зах зээл дан ганц МИК гэлтгүй бүхий л үнэт цаас гаргагчдад нэг ижил нүүр харуулсан билээ.

Ийм нөхцөлд хэлцлийг амжилттай дуусгана гэдэг өмнөх жилүүдэд бий болгосон нэр хүнд, ил тод тайлагнал, өрийн удирдлагын туршлагын үр дүн юм.

МИК-ийн олон улсын зах зээлд сойсон гурван бондыг нийтэд нь дүгнэвэл, 2019 оны “Өэлүн” бонд МИК-ийг олон улсад анхлан таниулсан. Харин “Бөртэ” бонд “Өэлүн” бондыг илүү таатай нөхцөлөөр дахин санхүүжүүлж, нэр хүндийг нь баталгаажуулсан. 2021 оны “Хулан” бондын тухайд, хүнд цаг үед ухаалаг нүүдэл хийх ур чадварыг сорьсноороо МИК-д үнэтэй туршлага хуримтлуулсан. Мөн эдийн засгийн сорилттой үед, улсын валютын нөөцийг тогтоон барьснаараа чухал ач холбогдолтой юм.  

Эдгээр нүүдлийн цаана иргэдийн байртай болох мөрөөдлийг дөтлөх, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх том зорилго бий. Цаашид МИК олон улсын бондын зах зээлд ногоон бондоор хөл тавьж, ногоон орон сууцны санхүүжилтийн тогтолцоог эх орондоо нутагшуулахаар төлөвлөж байна. 

2026 оны 06 дугаар сард хэвлэгдсэн "Монголын орон сууцны санхүүжилтийн суурь" сэтгүүлээс