Монгол Улсын инфляц наймдугаар сард 12.5 хувьтай гарсан. Энэ өсөлтийн бараг талыг мах, шатахууны үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Улс орны болоод өрхийн өдөр тутмын хэрэглээнд чухал байр суурь эзэлдэг энэ хоёр бүтээгдэхүүн үнэд орсон нь бусад бараа, үйлчилгээний зардалд мөн нөлөөлж эхэлжээ. Мах, махан бүтээгдэхүүний үнэ наймдугаар сарын байдлаар жилийн өмнөхөөс 50 орчим хувиар өсөөд буй. Хүнсний төсвөө нэмэх боломжгүй айл махныхаа хэмжээг багасгах уу, өөр худалдан авалтаасаа хасах уу гэсэн сонголттой тулгарч байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын тайланд дурдсанаар, нийтийн хоолны үнэ жилийн өмнөхөөс 16.2 хувь, тээврийн үйлчилгээний үнэ 22.9 хувиар өссөн байна.
Мах, шатахууны өндөр үнэ эдгээр үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсон гэсэн үг Тухайлбал, хоолны газар махаа үнэтэй авч, хүнсээ татахад илүү зардал гаргаж байгаа бол хоолны үнээ хэвээр барихад хүндрэлтэй. Улмаар энэ өсөлт үйлчлүүлэгчийн төлөх мөнгөнд нөлөөлнө. Хүнс, тээврийн зардлаас гадна сургалтын төлбөр, цахилгаан, дулаан, усны төлбөр нэмэгдсэн. Өрхийн хувьд эдгээр нь тогтмол төлөх шаардлагатай зардал. Тиймээс үнийн өсөлт үргэлжлэх тусам орлого нь төдийлөн нэмэгдээгүй өрхийн хувьд хуримтлуулах, томоохон худалдан авалтад зарцуулах мөнгө багасна.

Монголбанк инфляцыг 2026 оны IV улирлын дунджаар 12.6 хувь, 2027 оны мөн улиралд 7 хувь болно гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, энэ оныг хоёр оронтой инфляцтай үдэж, ирэх онд үнийн өсөлт алгуур саарах төлөвтэй байна. Гэхдээ инфляц саарахыг бараа, үйлчилгээний үнэ нийтээрээ буурна гэж ойлгож болохгүй. Үнэ нэмэгдэх хурд нь удааширна гэсэн үг.
Өрхийн хувьд зардал нь цааш хэр хурдан өсөх вэ гэдэгт энэ өөрчлөлт чухал.
Дээрх төсөөлөлд шатахууны үнэ ирэх оныг дуустал дахин нэмэгдэхгүй, хүнсний нийлүүлэлтэд шинэ хүндрэл гарахгүй гэж үзжээ. Харин шатахуун дахин үнэд орж, хүнсний нийлүүлэлт доголдвол инфляц тооцоолсноос өндөр гарах эрсдэлтэй. Иймээс өрхийн өдөр тутмын зардлын дарамт хэзээ сулрах нь мах, шатахууны үнэ цааш хэрхэхээс ихээхэн хамаарахаар байна.


