Олон улсын төлбөр тооцооны банк болон Хятадын Ардын Банкнаас хамтран зохион байгуулсан олон улсын хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гун Шэн нар албан уулзалт хийж, хоёр орны Төв банк хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид эдийн засаг, тэр дундаа гадаад худалдаа, түүний санхүүжилт болон төлбөр тооцооны чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинээр санаачилсан тодорхой ажлуудын үр дүнг дүгнэж ярилцсан.

Үүний хүрээнд Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-ний хугацааг 3 жилээр сунгаж, нөхцөлийг сайжрууллаа.

Уг хэлэлцээр нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд нөхцөлийг сайжруулан гэрээг сунгаснаар цаашид дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

Своп хэлцэл нь төв банкууд үндэсний мөнгөн тэмдэгтээ тодорхой хэмжээ, хугацааны хүрээнд харилцан солилцох боломж олгодог санхүүгийн механизм юм.

Монголын хувьд уг хэлцэл нь богино хугацааны хөрвөх чадварын дэмжлэг болохоос гадна хоёр улсын худалдаа, төлбөр тооцооны уян хатан байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Харин Хятадын талын хувьд юанийн хэрэглээг бүс нутгийн худалдаа, санхүүгийн харилцаанд өргөжүүлэх бодлогын нэг хэсэг гэж үзэж болох юм. Монголбанк болон Хятадын Ардын банк хоорондын своп хэлцэл анх 2011 онд таван тэрбум юань буюу тухайн үеийн ханшаар нэг их наяд төгрөгийн дүнтэй байгуулж байв.