Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан энэ сарын 29-30-нд Улаанбаатар хотноо болж байна. Хуралдаанд гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк зэрэг төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн төрөлжилт, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэж буй.

Хуралдааны эхний өдрийн онцлох үр дүн нь нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан явдал байв. Мөн Сингапурын PhillipCapital хөрөнгө оруулалтын групп Монгол Улсад оффисоо нээхээр болсон бол Унгарын OTP банк Монголд салбар байгуулах хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор гардууллаа.

Эдгээр үйл явдал Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо гадаадын хөрөнгө оруулагчдад дахин танилцуулж, эрх зүйн болон бодлогын шинэчлэлийн чиглэлээ тайлбарлаж буй өргөн хүрээний ажлын нэг хэсэг болж байна. Ерөнхий сайд Н.Учрал Далянь хотноо болсон Зуны Давосын уулзалтын үеэр Монголын тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжийн талаар хөрөнгө оруулагчидтай ярилцсан.

Улаанбаатар дахь энэ удаагийн өргөтгөсөн хуралдаан тэрхүү яриаг бодит төсөл, эрх зүйн шинэчлэл, санхүүгийн боломжийн түвшинд нарийвчлан үргэлжлүүлж байна.

Ерөнхий сайд хуралдааны үеэр Монгол Улс хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах чиглэлд хэрэгжүүлж буй ажлууд болон “Чөлөөлье” бодлогын талаар хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Түүний онцолсноор энэ удаагийн өргөтгөсөн хуралдаан хөрөнгө оруулалт татах чиглэлд бодит үр дүн гаргаж буй арга хэмжээ болж байна.

Анхаарал татсан үйл явдлын нэг нь Унгарын OTP банк Монголын зах зээлд орж ирэх сонирхлоо албан ёсоор ахиулсан явдал юм. OTP бол Төв болон Зүүн Европын бүсийн томоохон банкны группүүдийн нэг. Тус группийн албан мэдээллээр OTP Group нь Төв болон Зүүн Европ, Төв Азийн 11 улсад үйл ажиллагаа явуулж, 17.5 сая орчим харилцагчид банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт актив нь 124 тэрбум еврогоор хэмжигдэж байна.

OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф хуралдааны үеэр Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдвэл тус банк томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт санал болгох, мөн орон сууцны ипотекийн зах зээлд бүтээгдэхүүн нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголын банкны зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин одоогоор бүрэн таатай биш байгааг дурдаад, эрх зүйн шинэчлэл, либералчлалын бодлого хэрэгжвэл Монголд хөрөнгө оруулах боломж нэмэгдэнэ гэж үзэж буйгаа хэлсэн юм.

OTP-ийн албан бичиг нь салбар нээх зөвшөөрлийн эхний шатны хүсэлтэд хамаарна. Гадаадын банк Монгол Улсад салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрөл, зохистой харьцаа, засаглал, эх улсын хяналт шалгалтын байгууллагын зөвшөөрөл зэрэг олон шаардлага хангах ёстой. Одоогийн зохицуулалтаар гадаадын банкны салбар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэхгүй байх нөхцөлтэй.

Тиймээс OTP-ийн хүсэлт нь Монголын банкны салбарын эрх зүйн шинэчлэл бодит хөрөнгө оруулагчийн сонирхолтой холбогдож эхэлсний нэг тод жишээ болж байна.

Монголбанк энэ сарын эхээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг төсөлд банкны салбарт урт хугацааны, тогтвортой гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, гадаадын банкууд Монголд салбар болон охин компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг тодорхой болгох, банкны хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг зах зээлийн нөхцөлтэй уялдуулах зэрэг асуудал тусжээ. Энэ утгаараа OTP-ийн сонирхол нь банкны салбарын шинэчлэлийн практик шалгалт болж байна.

Хуралдааны өөр нэг онцлох үйл явдал нь Сингапурын PhillipCapital Монголд оффисоо нээхээр болсон явдал юм. Засгийн газрын мэдээлснээр тус групп 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай. PhillipCapital нь 1975 онд Сингапурт байгуулагдсан бөгөөд брокер, хөрөнгө удирдлага, санхүүгийн зуучлал, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус группийн олон улсын танилцуулгад дурдсанаар PhillipCapital нь Азийн санхүүгийн зах зээлд олон жилийн туршлагатай, олон улсад өргөн сүлжээтэй байгууллага юм.

PhillipCapital-ийн Монголд оффис нээх шийдвэр нь дотоодын хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн төслүүд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний олон улсын холболтод шинэ суваг нээх боломжтой. Монголын хувийн хэвшил урт хугацааны санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, олон улсын хөрөнгө оруулагчдын сүлжээтэй илүү ойр холбогдох шаардлагатай энэ үед ийм төрлийн байгууллагын оролцоо анхаарал татаж байна.

Технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг Европын хөрөнгө оруулалтын удирдлагын компани Alpac Capital-ийн үүсгэн байгуулагч Луиш Сантуш Монгол Улс барууны хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө бүрдүүлж эхэлсэн гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүний хэлснээр Монгол Улс өмнө нь голчлон аялал жуулчлалын сонирхол татдаг байсан бол одоо хөрөнгө оруулагчдын анхааралд өртөх хэмжээнд хүрчээ. Тэрбээр хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх, тогтвортой орчин бүрдүүлэх, сайн засаглалын суурийг бэхжүүлэх чиглэлд Монгол Улс алхам хийж байгааг онцолсон юм.

Олон улсын байгууллагуудын сүүлийн үнэлгээ Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж байгаагийн зэрэгцээ шийдэх сорилт үргэлжилж буйг харуулж байна. Дэлхийн банкны 2026 оны дөрөвдүгээр сарын Монголын эдийн засгийн тоймд Монголын эдийн засаг 2025 онд 6.9 хувиар өссөн, 2026 онд өсөлт 5.0 хувь орчимд тогтворжих төлөвтэй гэж дүгнэсэн. Худалдааны тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл, хүнс, эрчим хүчний үнийн дарамт, төсвийн зарлагын өсөлт макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүйг мөн анхааруулсан байна.

ОУВС Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй өсөлт бий болгохын тулд бизнесийн орчныг сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх, засаглал, авлигын эсрэг тогтолцоо, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, эдийн засгийг илүү төрөлжсөн, хувийн хэвшилд тулгуурласан загвар руу шилжүүлэх шаардлагатай гэж зөвлөж ирсэн.

Энэ зөвлөмжүүд “Unlock the Mongolian Economy” хуралдааны үндсэн агуулгатай шууд огтлолцож байна.

“Эдийн засгийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Ирмүүн хуралдаан Монгол Улс олон улсад итгэлтэй, найдвартай түнш байх дохио өгч чадлаа гэж дүгнэв. Гэхдээ хөрөнгө оруулагчдын итгэл нэг удаагийн уулзалт, гэрээний дүнгээр бүрэн баталгааждаггүй. Гарын үсэг зурсан гэрээ, санамж бичгүүд бодит санхүүжилт, хэрэгжих төсөл, ажлын байр, экспорт, татварын орлого, технологийн шилжилт болж хувирах эсэх нь дараагийн хамгийн чухал шалгуур байх болно.

Энэ удаагийн хуралдаан Монголын хөрөнгө оруулалтын орчинд олон улсын санхүүгийн байгууллагуудын сонирхол сэргэж буйг харуулсан эхний бодит дохио болов. 545 сая ам.долларын гэрээ, санамж бичиг, PhillipCapital-ийн оффис, OTP банкны албан хүсэлт зэрэг нь Монгол Улс хөрөнгө оруулагчдын газрын зураг дээр дахин тодорч эхэлсний илэрхийлэл байж болох юм. Энэ дохиог бодит хөрөнгө оруулалт болгох эсэх нь эрх зүйн тогтвортой байдал, бодлогын тууштай байдал, банк санхүүгийн реформ, төр-хувийн хэвшлийн итгэлцлээс хамаарна.