Mongolian Economy сэтгүүлийн баг ХБНГУ-ын Берлин хотод ажиллах үеэр сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёркетэй /2026.06.23/ ярилцлага хийсэн юм. Кристиан Гёрке өдгөө Монгол Улсад ажлын айлчлал хийж буй бөгөөд тэрбээр аялалд бэлтгэсэн “үүц”-ээ “Mongolian Economy”-д тусгайлан задалж, Монголын талтай хэлэлцэх гол сэдвүүдээ хуваалсан билээ.
Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга К.Гёрке Монгол, Германы харилцааг шинэ шатанд гаргах чухал алхмын нэг нь визийн бодлого хэмээн онцолсон. Тэрбээр “Бид Төв Азитай холбоо харилцаагаа гүнзгийрүүлэхийг чухалчилж байгаа энэ нөхцөлд шаардлага, шалгуураа эргэн харах ёстой. Ялангуяа албан томилолт дээр визний асуудал энэ янзаараа үргэлжилж болохгүй. Хоёр орны тамирчид, сэтгүүлчид, бизнес эрхлэгчид харилцан зочлох боломж илүү нээлттэй байх ёстой. Германы парламент ч энэ тал дээр намын бүлэг үл хамааран нэгдмэл байр суурьтай байгаа” хэмээн тодотгосон.
Герман Улс жилд дунджаар 255 сая еврогийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлдэг бол Монгол Улсаас Германыг чиглэсэн экспорт 7.2 сая еврогоор хэмжигдэж байна.
Мөн тэрбээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг нэг урсгалтай замтай зүйрлэсэн нь анхаарал татаж байв. К.Гёрке “Герман Улс жилд дунджаар 255 сая еврогийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлдэг байхад Монгол Улсаас Германыг чиглэсэн экспорт 7.2 сая еврогоор хэмжигдэж байна. Энэ бол харьцангуй үзүүлэлт” гэсэн юм. Тиймээс энэ “зам”-ын аль аль урсгалыг тэнцвэртэй, эрчимтэй болгоход дэмжлэг үзүүлэх нь Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн гол зорилго гэв. Үүний тулд хоёр орны хамтран хэрэгжүүлэх төслүүдийн цар хүрээг тэлэх, бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх шаардлага байгааг ч тэрбээр дурдаж байсан. “Ялангуяа уул уурхайн салбар бол ирээдүйн хамтралын гол талбар” гэж К.Гёрке ярилцлагадаа онцолсон.
Германы аж үйлдвэржилт, машин үйлдвэрлэл, техник технологи, инновацын ололт амжилтыг Монголын уул уурхайн салбартай уялдуулах боломж бий.
“Монгол, Герман хоёр орны хувьд, 2011 онд Түүхий эдийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байсан. Монгол Улс уул уурхайн салбарт бараг бүх улс оронтой нээлттэй хамтран ажиллаж байхад Германы тал энэ тал дээр маш чамлалттай ажилласан” хэмээх К.Гёркегийн шүүмжлэл ч мөн анхаарал татахуйц байв. Мөн тэрбээр Германы аж үйлдвэржилт, машин үйлдвэрлэл, техник технологи, инновацын ололт амжилтыг Монголын уул уурхайн салбартай уялдуулах боломж байгааг “Mongolian Economy”-д өгсөн ярилцлагаараа дамжуулан уламжилсан.
Түүнчлэн тэрбээр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах улс төрийн суурь байсныг илэрхийлээд энэ оны аравдугаар сард төлөвлөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал Монгол-Германы харилцаанд шинэ эрч нэмнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.



