Монголиан экономи сэтгүүл дэлхийн шилдэг “Экономист” сэтгүүлийн шинэ дугаарын нийтлэлээс орчуулан хүргэж буйг хүлээн авна уу.
Эрдэмтэн мэргэд, их сургуулийн багш нар оюутан, сурагчдынхаа мэдлэгийн түвшин, чанарт санаа зовж, халаглаж буйгаа үргэлж илэрхийлж ирсэн. 10 хүн тутмын нэг нь уншиж чаддаггүй байсан цаг үед хүртэл “Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд чиглэсэн оюуны бүтээмж хаа сайгүй, урьд өмнө байгаагүйгээр буурсан” гэж 11-р зууны сэхээтэн Лиежийн Эгберт ярьж байжээ. Харин өнөө үед, ялангуяа дэлхийн шилдгүүдийн өлгий болсон Америк зэрэг орны их сургууль, коллежийн стандартын тухай олон олон зовнил бий болоод байна.
Жинхэнэ хичээл эхлэхээс өмнө нэгдүгээр дамжааны оюутнуудаа тусгай сургалтад суулгах хэрэгтэй болдог талаар математикийн профессорууд өгүүлж байна. Тэдний хэлж буйгаар зарим оюутан дунд сургуульд хэдийнэ мэдсэн байх ёстой зүйлсийг суралгүй их сургуульд орж ирэх нь ихэсжээ.
Тэд 10-аад жилийн өмнөх хүүхдүүдийн хялбархан ойлгох текстүүдийг уншаад ойлгож чаддаггүй гэж хүмүүнлэгийн ухааны багш нар анхааруулж байна. Унших материалын жагсаалтыг цөөлөх хүсэлт улам ихээр ирж буй аж.
Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас явуулдаг тестүүдээс үзвэл их сургууль, коллежийн оюутнууд 10 жилийн өмнөх суралцагчидтай харьцуулбал бичиг үсэгт бага тайлагдсан нь харагдаж байна. Шилдгүүд нь хэзээ хэзээнээс ухаалаг байхад, жаахан хүүхдээс мэдлэг багатай оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Бичиг үсгийн тестэнд Америкийн коллеж, их сургуулиудын долоон оюутан тутмын нэг нь 10 настай дундаж хүүхдээс илүү гарахааргүй оноо авч байв. Математик чадварын хувьд, бараг таван оюутны нэг байх жишээтэй.
Цар тахал үүний нэг шалтгаан боловч, үүнээс өмнө Америк болон чинээлэг олон орны сургуулиудын үнэлгээ хэдийнэ унаад байсан юм. Өдгөө коллеж, их сургуулиуд элсэлтийн босго, шалгуураа багасгасан. Зарим хүн өндөр хариуцлагатай шалгалтыг хар арьст болон латин гаралтай оюутнуудад шударга бус гэж үздэг учраас Америкийн олон сургууль элсэн суралцагчдаас авдаг САТ зэрэг тоо, хэл ярианы чадварын тестээ зогсоогоод байна. Мөн тус улсын 18 настнуудын тоо цөөрч эхэлснээс улбаалан зарим сургууль сурлага сул хүүхдүүдийг ихээр татахыг чармайх болжээ.

Гэтэл энэ үйл явцын өртөг өндөр. Суурь мэдлэгийг дахин зааж, сургахад зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгө нь гоц чадвартай хүүхдүүдийг бүрэн хөгжүүлэхэд туслахгүй. Дутуу бэлтгэгдсэн хүүхдүүд сургууль завсардах эрсдэлтэй, энэ нь эргээд сургуульд ороогүй байснаас илүүгээр ирээдүйг нь баллах магадлалтай гэсэн тайлбар байна. Улмаар сул оюутнуудаас улбаалан их сургууль болон коллежууд стандарт, сургалтаа хялбаршуулж, сургалтын чанар нь муудах болов. Бодит чадавхийг нь хэт өндрөөр үнэлэх үзэгдэл газар авч олон жилийн “дүнгийн инфляц” үүссэнээр удирдах албан тушаалтнууд хиймэл оюун ашиглан шалгалт өгдөг тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн итгэл байхгүй болж байна.
Уг нь Сингапур улсын их дээд сургуулиудын үнэлгээ сүүлийн хэдэн жилд, тэр байтугай цар тахлын үед ч аажмаар дээшилсэн. Шалгалт болон сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийснээр Английн сургуулиуд олон улсын шилдгүүдийн жагсаалтад өгсөж буй дүр зураг харагдана. Эцэст нь ихэнх сургууль нь бичиг үсгийг олон жилийн өмнө бусад орнуудын нотлогдоогүй гэж үздэг байсан аргаар зааж байсныг Америкчууд хүлээн зөвшөөрөөд байна. Энэ утгаар өрчлөлтийг эхлүүлсэн Миссисипи зэрэг муж том амжилт гаргаж эхэлжээ.
Тиймээс сургуулиудын стандарт сулрахаас сэргийлэх нь сургалтын чанарыг унагахын эсрэг нэг арга юм. Гэвч өлсгөлөн зэрэг хүүхдүүдэд тулгамдсан асуудлын учрыг олохгүйгээр байдлыг өөрчлөх боломжгүй гэж зарим нь үзэж байна.
Гэхдээ л оюутнуудыг элсүүлэх болон тэднийг үнэлэхдээ их сургууль, коллежууд өндөр стандартаа хадгалах нь чухал шийдэл юм. Энэ үүднээс Америкийн шилдэг их сургуулид элсэх хүсэлт гаргагчдад зориулсан албан ёсны тест шалгалтаа сэргээж эхлээд байна. Ингэснээр бусад нь ч тэднийг дагаж, үлгэр дуурайл авах магадлалтай аж.
Энэ оны тавдугаар сард Харвардын эрдэмтэд дамжаа бүрт А үнэлгээг тоотой, хатуу хязгаараар олгож, оюутнуудад бодит чадвараас нь өндөр дүн өгдгийг зогсоохоор тохиролцжээ..
Нөгөөтэйгүүр англи хэлээр ярьдаг орнуудад, ахлах сургуулиа төгссөнийхөө дараа их сургуулиас гадна үргэлжлүүлэн сурах сонголт ховор тул тэр боломжийг бодлого тодорхойлогчид нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Америкийн коллежууд ахлах сургуулиа төгссөнийхөө дараа сурах хүсэлтэй, дэмжлэг хэрэгтэй хүмүүст их сургууль болон хөдөлмөрийн зах зээлд хурдан гарах нэг гүүр нь болсон гэгддэг. Гэхдээ дөрвөн жил их сургуульд суралцагчид нэмэгдсээр байхад энэ шатны сургуульд суралцах залуусын тоо буурсаар байна.
Боловсрол хүн бүрд боломж олгох ёстой болохоос үр шимээ цөөн хэдэн хүнд хүртээж, азгүй олонхыг байранд нь үлдээдэг чөдөр тушаа байх ёсгүй юм. Гэхдээ залууст шаардлагатай ур чадварыг нь суулгахгүйгээр дээд боловсрол олгож, нийгмийн шат ахиулахыг хичээх нь прагматик зүйл бишээс гадна сайхан сэтгэл бүр ч биш. Харин бүх хүний урмыг хугалам хулчгар хэрэг мөн билээ.


