2026 оны төсвийг анх 32.98 их наяд төгрөгөөр баталсан. Одоогийн хэлэлцэж буй тодотголоор энэ дүнг 33.978 их наяд болгон нэмэх саналтай байгаа. Харин тэнцвэржүүлсэн орлого 31.93 их наяд байхаар тооцож байна. Энэ нь Тогтворжуулалтын болон Үндэсний баялгийн санд хуваарилах дүнг хассан орлого юм.  Орлого нь хэвээр, зардал нь нэмэгдэх учраас алдагдал 1.05 их наядаас 2.048 их наяд төгрөгт хүрч, 95 хувь өснө. Өөрөөр хэлбэл, анх баталсан алдагдал бараг хоёр дахин болохоор байна. 

Төсвийн зардал дээр нэмэгдэх 998 тэрбумыг орон нутгийн дансанд өмнөх оноос зарцуулалгүй үлдсэн мөнгөнөөс гаргана. Зарцуулах мөнгө нь байгаа ч үүнийг 2026 онд шинээр олсон орлогод тооцохгүй.

Тиймээс энэ жилийн орлого нэмэгдэхгүй, харин зарлага өснө. Үүнийг дагаад орлого, зарлагын зөрүү буюу төсвийн алдагдал нэмэгдэх юм. Төсвийн орлогын төлөвлөгөөнд бас өөрчлөлт орно. Татварын орлого анх тооцсоноос 1.02 их наяд төгрөгөөр дутах төсөөлөлтэй байна. Энэ зөрүүг голлон төрийн эзэмшлийн компаниудын ашгаас ахиу мөнгө авч нөхөхөөр тооцжээ. Урд хормойгоо хойд хормойгоо нөхдөг үлгэр маань үргэлжилнэ гэсэн үг.

Улмаар компаниудын ногдол ашгийн орлогыг 175.4 тэрбумаас 1.24 их наяд төгрөгт хүргэнэ. Анхны төлөвлөгөөнөөс долоо дахин их гэсэн үг. Нэмэлт мөнгийг хуучнаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны ашгаас авахаар тооцжээ. Ингэхийн тулд компанийн төсөл, хөрөнгө оруулалтад зарцуулах ашгийн тодорхой хэсгийг улсын төсөвт шилжүүлэх санал гаргасан бөгөөд энэ нь одоогийн төсвийн орлогын дутагдлыг нөхөх ч компанийн хувьд тийм ч таатай шийдвэр болохгүй. Татвар дутах бүрд төр нэг халааснаасаа авч нөгөө цоорхой халаас руугаа хийдэг ийм аргыг ашиглах буруу практик хэр удаан үргэлжлэх вэ? 

Зардлын хамгийн том таналт нийслэлийн бондын мөнгөөр хийх ажлуудад ногдоно. Энэ чиглэлд 758 тэрбум төгрөг хасах нь нийт таналтын талаас илүүг эзэлж байна. Гэхдээ энэ нь ард иргэдийн хүсэн хүлээдэг сайд нарын томилолт, тавилга, хурал зөвлөгөөнөөс гарах хэмнэлт бус. Харин улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан ч тендерээ явуулаагүй, эсвэл гэрээгээ байгуулаагүй ажлуудын 221.9 тэрбум төгрөгийн хасалт үүнд голлон багтаж байна. Ажлаа бага мөнгөөр хийж дуусгах, ажлаа эхлүүлээгүй учраас мөнгөө зарцуулахгүй байх хоёр өөр. Хоёр дахь тохиолдлыг бас хэмнэлт гэж нэрлээд өнгөрвөл тухайн ажлыг яагаад хугацаанд нь эхлүүлээгүйн хариуцлагыг хэнээс асуух вэ?

Танасан мөнгө хаашаа очих нь хасалтаасаа дутахгүй чухал. Хамгийн их буюу 674.5 тэрбум төгрөгийг боловсролын салбарынхны цалинд хуваарилжээ. Өөрөөр хэлбэл, танаж шилжүүлэх мөнгөний бараг талыг Засгийн газрын өмнөх шийдвэрүүдийн санхүүжилтийг гүйцээхэд зарцуулах аж. Мөн ахмадын суурь тэтгэвэрийг нэмэхэд 196.3 тэрбум төгрөг нэмж зарцуулан, 435 мянган хүнд арваннэгдүгээр сараас сар бүр 100-300 мянган төгрөг нэмж олгохоор тооцжээ. Тэтгэврийн хэмжээ нь ажилласан жил, төлсөн шимтгэл, одоо авч буй тэтгэврээс хамаарна. Эрүүл мэнд болон бусад төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинд зориулж нийт 170.1 тэрбум төгрөг нэмнэ. Үүний зорилго нь салбаруудын цалингийн өсөлтийг 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд чиглэж байгаа юм.  

Сангийн сайд З.Мэндсайхан “хүнсний нөөц, эрчим хүчний дэмжлэгт төлөвлөсөн 350 тэрбум төгрөг нэг удаагийн зардал тул ирэх оны төсөвт ачаалал үүсгэхгүй” гэж тайлбарлав. Харин цалин, тэтгэврийн нэмэгдэл цааш үргэлжилнэ.

Эрчим хүчний компаниудын алдагдал буурахгүй бол татаасын хэмжээ ч нэмэгдэж магадгүй. 

Байнгын хороодын хэлэлцүүлгийн явцад зарим зориулалтыг өөрчиллөө. Өчигдөр буюу аравдугаар сарын 5-нд хүнсний татааснаас 13.2 тэрбумыг 3,500 гаруй оюутны сургалтын төлбөрт шилжүүлэх саналыг УИХ дэмжив. Мөн эрчим хүчний засварт төлөвлөсөн 4.2 тэрбумыг байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжид шилжүүлэхээр болов. Ингэснээр эдгээр хүүхдийн сарын тэтгэмжийг 478 мянгаас 600 мянган төгрөгт хүргэх аж. 

Анх өргөн мэдүүлсэн төсвийн төслийн нийт дүнгээр барилга, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийн зардал 154.1 тэрбумаар буурч, цалин, тэтгэвэр, үйлчилгээ зэрэгт төлөх урсгал зардал 1.15 их наяд төгрөгөөр нэмэгдэх байсан. Энэ удаагийн тодотголоор цалин, тэтгэврийн тулгамдсан асуудлыг  шийдэж байгаа ч төсвийн төлөвлөлтийн алдаа, гажуудлыг засахгүй бол дараагийн төсөвт мөн л мөнгө дутаж мэднэ. Ер нь манай улс орлогоо бодитоор тооцож чадахгүй бол өнөөдрийн “хэмнэлт” дахиад л маргаашийн тодотголын шалтгаан болж мэднэ.