Монгол Улс энэ өөрчлөлтөд хэрхэн бэлтгэж, жуулчдын тооны өсөлтийг бизнесийн бодит үр ашиг болгох талаар Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч С.Баясгалантай ярилцлаа.
Дэлхийн аялал жуулчлалын салбарын өсөлтийн өгөөжийг Монголын бизнесүүд хэр хүртэж байна вэ? Хөрөнгө оруулалтын үр ашиг яагаад чухал болов?
Дэлхийн аялал жуулчлал шинэ өрсөлдөөний шатанд шилжиж байна. UN Tourism-ийн мэдээллээр 2025 онд олон улсын жуулчдын тоо 1.52 тэрбумд хүрч, өмнөх оноос дөрвөн хувиар өссөн. Гэвч жуулчдын тооны өсөлт бизнесийн ашиг, хөрөнгө оруулалтын өгөөжтэй заавал ижил хурдаар өсдөггүй. Монголын жуулчны бааз, зочид буудлуудын жилийн дундаж өрөөний дүүргэлт 30-40 орчим хувь байдаг гэсэн салбарын үнэлгээ бий. Үүнийг байгууллагын төрөл, байршил, улирлаар баталгаажуулан хэмжих шаардлагатай.
Ийм ашиглалттай нөхцөлд шинэ барилга, хүчин чадлыг нэмэхээс өмнө одоо байгаа хөрөнгийн өгөөж, нэг боломжит өрөөнд ногдох орлого (RevPAR), үйл ажиллагааны ашиг, хөрөнгө нөхөх хугацааг бодлогоор анхаарах ёстой. Улирлыг уртасгах, өвлийн бүтээгдэхүүн, корпоратив аялал, олон улсын борлуулалтыг дэмжих нь хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх бодит гарц юм. Аялал жуулчлалын хөгжлийг жуулчдын тоогоор төдийгүй нэг жуулчнаас олох орлого, бизнесийн жилийн ашиглалт, орон нутагт үлдэх өгөөжөөр хэмжих цаг ирсэн.
Монгол Улсын хувьд жуулчдын тоо нэмэгдэхийг салбарын амжилтын цорын ганц хэмжүүр болгох боломжгүй. Жуулчны бааз, зочид буудлуудын жилийн өрөөний дүүргэлт 30–40 орчим хувьтай байгаа тухай салбарын үнэлгээ нь хүчин чадлын ашиглалт, улирлын хамаарал, хөрөнгө оруулалтын өгөөжид анхаарах шаардлагатайг харуулдаг. Энэ түвшнийг улсын хэмжээнд байршил, үйлчилгээний төрлөөр баталгаажуулан хэмжих нь чухал. Шинэ обьект барихын зэрэгцээ өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын ашиглалтыг өсгөхөд бодлогоо чиглүүлэх цаг ирсэн. Үзүүлэлтээ жуулчдын тооноос гадна нэг жуулчнаас олох орлого, жилийн дүүргэлт, нэг өрөөнд ногдох орлого, хөрөнгө оруулалтын өгөөж, орон нутагт үлдэх орлогоор хэмжих ёстой.
Геополитикийн хурцадмал байдал, энэ жилийн шатахууны хангамжийн хүндрэл бизнесүүдэд ямар сургамж өгсөн бэ?
Геополитикийн нөлөө шатахуун, агаарын тээврийн маршрут, валютын ханш, даатгал, аяллын өртөг, хэрэглэгчийн итгэлээр дамжин илэрдэг. Ойрх Дорнодын нөхцөл байдал олон улсын нислэгийн сүлжээ ямар эмзэг болохыг харууллаа. Монголд авто тээвэрт суурилсан урт маршрут зонхилдог учраас шатахууны нийлүүлэлт доголдоход зөвхөн тээвэрлэгч бус жуулчны бааз, хөтөч, орон нутгийн үйлчилгээний бүх сүлжээ өртдөг.
Эрсдэл үүссэний дараа аргацаах бус оргил улирлын хэрэгцээг урьдчилан тооцож, төр-бизнесийн мэдээлэл солилцох шуурхай механизм байгуулах хэрэгтэй.
Компаниуд нөөц нийлүүлэгч, өөр маршрут, уян хатан үнийн нөхцөл, даатгал, мөнгөн хөрөнгийн нөөцтэй байх шаардлагатай. Өсөх чадвараас гадна хямралд тэсвэртэй, хурдан сэргэх чадвар шинэ өрсөлдөөний үзүүлэлт болж байна.

Ази болон бусад бүс нутгийн өсөлтөөс Монгол Улс ямар стратегийн боломж олж харах ёстой вэ?
Ази, Номхон далайн бүсийн зах зээл нэг төрлийн биш. БНХАУ, БНСУ, Япон, Европ, Төв Азийн жуулчдын аяллын хугацаа, зардал, сонирхол, захиалгын суваг өөр. Тиймээс нэг ижил сурталчилгаагаар бүх зах зээлд хүрэх бус сегментчилсэн бүтээгдэхүүн, шууд нислэг, хялбар захиалга, чанарын баталгааг уялдуулах ёстой. Богино хугацааны өндөр үнэ цэнтэй аялал, гэр бүлийн аялал, өвөл, соёл, адал явдал, эрүүл мэнд, тусгай сонирхлын бүтээгдэхүүнээ зах зээл бүрт тохируулах хэрэгтэй.
CAREC болон хөрш орнуудын хамтын ажиллагааг ашиглан хил дамнасан маршрут, бүс нутгийн брэнд, хамтарсан маркетинг хөгжүүлэх боломж бий. Монголыг зөвхөн үзэсгэлэнт газар гэж сурталчлах бус хүрэхэд хялбар, найдвартай, худалдан авахад ойлгомжтой аяллын чиглэл болгох нь гол зорилт.
Хөнгөлөлттэй зээлийн бодлогыг цаашид хэрхэн сайжруулах шаардлагатай вэ?
Төрөөс аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн нь зөв жишиг. Гэхдээ дараагийн шатанд төсвийн эх үүсвэрт дангаар түшиглэх бус олон улсын хөгжлийн санхүүжилт, хувийн хөрөнгө, төрийн батлан даалт, эрсдэл хуваалцах хэрэгслийг хослуулах шаардлагатай. АХБ, ЕСБХБ, Дэлхийн банк групп зэрэг түншүүдтэй ногоон зээл, урт хугацааны хөрөнгө оруулалтын санхүүжилт, улирлын бус бүтээгдэхүүний санхүүжилтийн механизмыг судлах боломжтой.
Өмнөх зээлийн алдааг давтахгүй байхын тулд шалгуур, сонгон шалгаруулалт, хяналтыг ил тод болгож, хэдэн төгрөг олгосноор биш жилийн дүүргэлт, бүтээмж, ажлын байр, валютын орлого хэр өссөнөөр үнэлнэ.
Үүний зэрэгцээ олон улсын санхүүжилт татахад бэлэн техник-эдийн засгийн үндэслэл, мөнгөн урсгалын төсөөлөл, байгаль орчны үнэлгээтэй төслийн багц бэлтгэх ёстой. Дараагийн шатанд төсвөөс байнга эх үүсвэр гаргахын оронд АХБ, ЕСБХБ, ОУСК болон бусад олон улсын санхүүгийн байгууллагын эх үүсвэр, батлан даалт, эрсдэл хуваалцах болон хосолсон санхүүжилтийг татахад анхаарна. Урт хугацааны зээл, ногоон санхүүжилт, эргэлтийн хөрөнгө, технологийн шинэчлэл, дөрвөн улирлын бүтээгдэхүүнд чиглэсэн санхүүгийн хэрэгсэл хэрэгтэй. Төрийн үүрэг бүх зээлийг санхүүжүүлэх бус хувийн хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Газрын бодлого, хөрөнгө оруулалтын хамгаалалт, аялал жуулчлалын бүсүүдийн төвлөрөл ямар асуудал үүсгэж байна вэ?
Газрын эрхийн хугацаа, нөхцөл, гэрээний тогтвортой байдал нь банкны санхүүжилт, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой шууд холбоотой. Гэтэл газар олголт, байгаль хамгаалал, хөрөнгө оруулалтын бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнүүд хангалттай уялдаагүй байна. Хуульд нийцсэн, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг урт хугацаанд хамгаалах тодорхой орчин хэрэгтэй.
Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуур зэрэг бүсэд ихээхэн хөрөнгө оруулалт төвлөрсөн байхад хүчин чадлын ашиглалт, байгаль орчны даац, ус, бохир, замын дэд бүтцийг тооцолгүйгээр газар нэмж олгох нь одоо байгаа хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж болзошгүй. Өндөр ачаалалтай бүсийн шинэ газар олголтыг судалгаанд үндэслэн хязгаарлах, шаардлагатай бол түр зогсоох, одоо байгаа байгууламжийг чанаржуулах, шинэ бүс нутагт бүтээгдэхүүн төрөлжүүлэх шаардлагатай.
Улирлын хамаарлыг бууруулж, өвлийг Монголын брэнд болгох боломж хэр бодитой вэ?
Зуны цөөн сард олсон орлогоор жилийн тогтмол зардлаа нөхдөг бизнес тогтвортой өсөхөд хэцүү. Өвлийн аялал жуулчлал нь зөвхөн фестиваль биш, нислэг, аюулгүй тээвэр, дулаан байр, хувцас хэрэгслийн түрээс, мэргэшсэн хөтөч, даатгал, онлайн борлуулалтыг багтаасан захиалагддаг цогц бүтээгдэхүүн байх ёстой. Мөн байгууллагын аялал, хурал, багийн хөгжил, амралтын бүтээгдэхүүн жилийн ашиглалтыг өсгөх боломжтой.
Дэлхийн халалттай холбоотойгоор сэрүүн бүсээр аялах “coolcation” сонирхлын шинэ сегмент нээгдэж байна. Монголын сэрүүн шөнө, уудам орон зай, нүүдэлчин соёл, од харах аялал давуу тал байж болно. Тиймээс эдгээр боломжийг байгаль орчны хариуцлага, усны менежмент, аюулгүй байдалтай хамтад нь хөгжүүлэх ёстой.

Хүний нөөцийн асуудалд бодлогын ямар шинэчлэл шаардлагатай вэ?
Хүний нөөцийг зөвхөн ажилтан дутагдах асуудал гэж үзэж болохгүй. Улирлын ажилтны нийгмийн хамгаалал, давтан сургалт, улирлын бус үеийн ажил эрхлэлтийг дэмжих зохицуулалт хэрэгтэй. Мэргэшсэн гадаад ажилтан, сургагч багш, менежер ажиллуулах зөвшөөрөл, төлбөрийг салбарын бодит хэрэгцээ, мэдлэг дамжуулах нөхцөлтэй уялдуулан хөнгөвчлөх шаардлагатай байна.
Нөгөө талаас дэлхийн түвшний гүйцэтгэх удирдлага бэлтгэх нь стратегийн зорилт болжээ.
Захирал, менежерүүд санхүү, хөрөнгө оруулалт, олон улсын борлуулалт, хиймэл оюун, эрсдэлийн менежмент, тогтвортой хөгжлийг нэгтгэн удирдах чадвартай байх ёстой. ITM-ийн Tourism Talent Hub, менторшип зэрэг санаачилгыг энэ хэрэгцээтэй холбож хөгжүүлнэ. Мөн салбарын удирдлагын сургалт, менторшип, олон улсын туршлага солилцоог системтэй хөгжүүлэх шаардлагатай.
Хиймэл оюун, хэрэглэгчийн шинэ зан төлөв Монголын аялал жуулчлалын бизнесүүдийн борлуулалтад хэрхэн нөлөөлөх вэ?
Аялагч, жуулчид улам бүр хувь хүнд тохирсон, найдвартай, шууд захиалах боломжтой бүтээгдэхүүн хүсэж байна. Хиймэл оюун нь аяллын мэдээлэл хайх, харьцуулах, төлөвлөх үйл явцыг өөрчилж байгаа тул сайн бүтээгдэхүүнтэй байх нь дангаараа хангалтгүй. Үнэ, хөтөлбөр, байршил, олон хэлний тайлбар, үнэлгээ, захиалгын нөхцөл нь машин уншихад ойлгомжтой, хэрэглэгчид баталгаатай байх шаардлагатай.
AI Ready Tourism санаачилгын гол агуулга нь хиймэл оюунаар пост бичүүлэх бус цахим харагдац, олон улсын түгээлтийн суваг, шууд захиалга, хэрэглэгчийн итгэл, мэдээллийн чанарыг сайжруулах юм. Ингэж байж шинэ технологи бодит борлуулалт болж хувирна.
Дэлхийн хэрэглэгчийн шинэ чиг хандлагуудаас Монголын бизнесүүд аль боломжийг хамгийн түрүүнд ашиглах ёстой вэ?
Сэрүүн бүсийн аялал буюу coolcation, байгальд суурилсан wellness, жинхэнэ соёлын туршлага, хувь хүнд тохирсон аялал, байгууллагын амралт болон өвлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээл тус бүрээр хөгжүүлэх боломжтой. Гэхдээ трендээс гадна бүтээгдэхүүний үнэ, тээвэр логистик, аюулгүй байдал, онлайн захиалга, үйлчилгээний стандартыг хамтад нь шийдэх ёстой. Хэрэглэгчийн шинэ эрэлтийг бизнесийн бодит орлого болгох нь чухал.
Ойрын жилүүдэд төрөөс нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай гурван асуудлыг нэрлэнэ үү?
Нэгдүгээрт, төр–хувийн хэвшлийн байнгын зөвлөлдөх, эрсдэлийг шуурхай шийдвэрлэх механизм шаардлагатай. Хоёрдугаарт, газрын бодлого, хөрөнгө оруулалтын хамгаалалт, олон улсын санхүүжилтийг хооронд нь уялдуулж, одоо байгаа хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлэх нь зөв. Гуравдугаарт, дөрвөн улирлын бүтээгдэхүүн, хүний нөөц, олон улсын зах зээлийн хүртээмж, цахим борлуулалтад төвлөрөх шаардлага бий. Эдгээр нь тус тусдаа биш, нэгнээ дэмждэг бодлогын багц байх ёстой.
ITM Mongolia 2026 үзэсгэлэн салбарын энэ өөрчлөлтөд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
ITM Mongolia-г зөвхөн аяллын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн бус бизнес, бодлого, технологи, хөрөнгө оруулалт, худалдан авагчдыг холбох үндэсний платформ болгон хөгжүүлж байна. Tourism Trends Forum нь дэлхийн чиг хандлагыг борлуулалт, бүтээмж, санхүүжилтийн шийдэлтэй холбож, AI Ready Tourism нь компаниудын цахим бэлэн байдлыг сайжруулахад чиглэнэ.
Корпоратив болон хүний нөөцийн аяллын хөтөлбөрөөр байгууллагын захиалгыг нэмэгдүүлэх, бизнес уулзалтаар шинэ гэрээ хэлцэл бий болгох зорилготой.Үзэсгэлэнгийн амжилтыг зөвхөн ирсэн хүний тоогоор бус шинээр бий болсон худалдан авагч, гэрээ, захиалга, хөрөнгө оруулалтын боломж, компаниудын чадавхаар хэмжих юм.
Эцэст нь, салбарын хуримтлагдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, өсөлтийг хурдасгах хамгийн чухал хүчин зүйлээр та юуг нэрлэх вэ?
Хамгийн гол хүчин зүйл бол төр, хувийн хэвшлийн зохистой хамтын ажиллагаа, хамтын оролцоонд суурилсан, судалгаатай, шуурхай шийдвэр гаргалт юм. Аялал жуулчлал нь тээвэр, шатахуун, газрын харилцаа, санхүү, хөдөлмөр, байгаль орчинтой харилцан хамааралтай. Гэтэл заримдаа нэг талын байр суурь, нийгмийн сүлжээнд хүчтэй сэвэгдсэн сэдэвт төвлөрч, тухайн шийдвэр бусад салбар, бизнесийн хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтэд хэрхэн нөлөөлөхийг бүрэн үнэлэлгүй бодлого гаргах эрсдэл байна. Иргэдийн санал, шүүмжлэл чухал ч судалгаа, эдийн засгийн тооцоог орлож болохгүй. Бодлогын асуудлыг шуугианы хэмжээгээр биш эдийн засгийн нөлөө, шийдвэрлэх хугацаа, зардал, бусад асуудалд үзүүлэх үр дагавраар эрэмбэлэх шаардлагатай.
Төр нийтлэг эрх ашгийг хамгаалж, хувийн хэвшил бодит мэдээлэл, шийдэл, хариуцлагаар оролцох ёстой. Зөвлөлдөх механизм нь зөвхөн уулзалт биш, асуудлыг хамтран тодорхойлох, хувилбаруудыг үнэлэх, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хэмжих тогтолцоо байх учиртай. Монголын аялал жуулчлалын өсөлтийг ганц төсөв, ганц арга хэмжээ бус зөв асуудлаа зөв цагт нь хамтран шийдвэрлэх чадвар хурдасгана.
Заримдаа бодлогыг хангалттай судалгаагүйгээр, аль нэг талын байр суурь эсвэл нийгмийн сүлжээнд хүчтэй яригдсан асуудалд хэт төвлөрүүлэн боловсруулах хандлага ажиглагддаг.
Иргэдийн санал, шүүмжлэл чухал боловч тэдгээр нь мэргэжлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, бодлогын нөлөөллийн үнэлгээг орлох ёсгүй. Бодлогын тэргүүлэх чиглэлийг асуудал хэр их шуугиан тарьснаар бус, түүнийг шийдвэрлэснээр бизнес, иргэд, эдийн засагт ямар үр дүн бий болохоор нь тогтоох ёстой. Нэг шийдвэр бусад салбар, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт, байгаль орчинд ямар үр дагавар авчрахыг урьдчилан үнэлж, асуудлаа ач холбогдол, нөлөөлөл, хэрэгжих хугацаагаар нь эрэмбэлэх шаардлагатай. Монголын аялал жуулчлалын өсөлтийг зөвхөн мөнгө, жуулчдын тоо тодорхойлохгүй. Төр, хувийн хэвшил харилцан итгэлцэлтэй, судалгаанд тулгуурлан зөв асуудлаа зөв цагт нь хамтран шийдвэрлэх чадвар л салбарын өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хурдасгана.
Mongolian Economy "Аялал жуулчлал-Ирээдүйн чиг хандлага" тусгай дугаарын 12-15 дугаар тал, 2026 оны 10-р сар


