Ургамалтай ажиллах сонирхлоо та хэрхэн бизнес рүү чиглүүлсэн бэ?

Би 2008 онд санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжлээр, 2016 онд агрономичоор суралцаж төгссөн. Ургамалтай ажиллах сонирхол маань багаас эхтэй. Манай гэр бүл цэцэг, ургамалд дуртай. Эмээ, ээж маань өөр мэргэжилтэй ч гэртээ байнга цэцэг тарьж, орчноо ногооруулдаг байсан. Манайх хүлэмжтэй, ургамал тарьдаг айл байсан учраас ургамлуудаа гоё ургуулдаг байлаа. Цэцэг, ургамлын бизнес өнөөгийнх шиг өргөн хөгжөөгүй байх үед хүмүүс манайхаас ургамал авахаар зорьж ирдэг байсан. 

Нэг удаа ургуулсан хайртай ургамлыг маань нэг хүн авах хүсэлт тавьсан юм. Би худалдмааргүй байсан учраас чамгүй өндөр үнэ хэлсэн ч шууд аваад явчихсан. Тэр үед “Ургамал тарьж ургуулаад орлого олж болох юм байна” гэсэн бодол төрсөн. Ингээд хүмүүс надаас ургамлыг хэрхэн арчлах, ямар хөрс хэрэгтэй, ямар нөхцөлд ургуулах талаар асуултууд асууж эхэлсэн. Тиймээс энэ ажлаа илүү мэргэжлийн түвшинд хийхийн тулд агрономичоор суралцсан. Ингэснээр санхүү, эдийн засаг болон агрономи гэсэн хоёр мэргэжлээ хослуулж чадсан.

“Ойм ногоон урлан”-г хэзээ байгуулсан бэ? 

2018 онд “Ойм” брэндээ бий болгосон. Нэр нь аз жаргал авчирдаг, эртний ургамлын нэг болох оймтой холбоотой. Биднийг зарим хүн зөвхөн цэцэг зардаг байгууллага гэж ойлгодог. Гэхдээ бидний ажил үүгээр хязгаарлагддаггүй. Ургамлаа өөрсдийн хүлэмжинд нутагшуулан тарьж ургуулж, үр, үрслэгээгээ үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээс худалдаа, үйлчилгээ хүртэлх бүх үйл явцыг өөрсдөө хийдэг. Мөн ургамал худалдаж авсан худалдан авагч нарт хэрхэн арчлах талаар зөвлөгөө, сургалт өгдөг. Хүсвэл тухайн байгууллага болон айлд очиж ургамлыг нь арчлах нэг удаагийн болон гэрээт үйлчилгээ ч үзүүлдэг. Бидний зорилго бол ургамлаар дамжуулан хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, байгальтай ойр амьдрах соёлыг түгээх юм.

Барилга, оффисын орчинд ургамал ямар ач холбогдолтой байдаг вэ?

Хүн төрөлхтөн байгалийн нэг хэсэг. Байгалийн цэцэг, мод, усны чимээ, ногоон өнгө бидэнд тайван, таатай мэдрэмж төрүүлдэг. Гэтэл өнөөдөр бидний амьдралын ихэнх цаг хугацаа барилга дотор өнгөрч байна. Тиймээс байгалийн мэдрэмжийг дотоод орчинд авчрах нэг энгийн шийдэл нь тасалгааны ургамал юм. Ургамлын ногоон өнгө хүний анхаарал төвлөрөлд эергээр нөлөөлж, тайвшруулах мэдрэмж төрүүлдэг. Мөн ургамлыг зөв байрлуулснаар орон зайн тусгаарлалт бий болж, дуу чимээг тодорхой хэмжээнд сааруулах боломжтой. 

Барилгын материал, тавилга зэрэг зарим бүтээгдэхүүнээс органик нэгдлүүд ялгарах эрсдэлтэй байдаг бөгөөд ургамал нь дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг.

Барилга байгууламжийг анхнаас нь төлөвлөхдөө агаарын урсгал, цэвэр агаарын оролт, бохир агаарыг гадагшлуулах системийг зөв тооцох нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ ургамал нь байгальд ээлтэй нэмэлт шийдэл болж чадна.

“Ойм ногоон урлан” компани өнгөрсөн хугацаанд ямар төслүүд дээр ажиллаж байсан бэ?

Бид сүүлийн долоон жилийн хугацаанд НҮБ-ын байрны бүх ургамлыг арчилж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн “Winter Garden”, “Sky Garden” зэрэг дөрвөн улирлын хүлэмжийн төслүүдэд ажилласан. Тухайлбал, “Sky Garden”-д барилгын төлөвлөлтийн эхний шатнаас хамтран ажиллаж, ямар орчинд ямар ургамал ургах боломжтойг тодорхойлон ногоон байгууламжийн шийдлийг гаргасан. Энэ нь ургамал авчраад байрлуулах биш, барилгын гэрэлтүүлэг, температур, чийгшил, таазны өндөр, интерьерийн шийдэл зэрэг бүх нөхцөлийг харгалзан ургамлыг сонгож, төлөвлөдөг ажил. Мөн “Eco Tower”, “МТ” колонкийн шинэ оффис зэрэг олон байгууллагын орчинд ургамлын тохижилт, ногоон шийдэл гаргаж ажилласан. Одоо манайх үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ гэсэн гурван багийн 16 ажилтантай.

Танайх байгууллагын ногоон тохижилтыг хэрхэн шийддэг вэ?

Эхлээд тухайн орчинтой газар дээр нь танилцдаг. Барилга аль зүг рүү харсан, хэр хэмжээний гэрэл тусдаг, таазны өндөр, интерьерийн шийдэл нь юу вэ гэдгийг үзнэ. Дараа нь үйлчлүүлэгчийн хүсэл, хэрэгцээг сонсож, мэргэжлийн мэдлэг, технологитой уялдуулан шийдэл боловсруулдаг. Үүний дараа ногоон тохижилтыг хийж, шаардлагатай бол ургамлын арчилгааг цаашид хариуцдаг. Мөн олон улсын арга хэмжээ, барилгын нээлт, байгууллагын эвент зэрэг түр хугацааны тохижилт хийдэг. Нэг удаагийн хулдаасан хэвлэлээс ялгаатай нь амьд болон хиймэл ургамлыг дахин ашиглах боломжтой. Амьд ургамал ашигласнаар тухайн арга хэмжээний нүүрстөрөгчийн ул мөрийг тодорхой хэмжээнд багасгах боломж ч бий. 

Та Монголд ургамлын соёл хэрхэн хөгжөөсэй гэж хүсдэг вэ?

Монголчууд нүүдэлчин ард түмэн байсан. Суурьшмал амьдралын хэв маягт шилжээд ердөө зуу гаруй жил болж байна. Тиймээс тасалгааны ургамал тарих соёл харьцангуй шинэ гэж болно. 2025 оны байдлаар бид нийт харилцагчдадаа хүргэсэн ургамлын тоог тооцоход 156 мянга орчим болсон. Энэ бол бидний хувьд зүгээр нэг борлуулалтын тоо биш. Хэдэн айл, байгууллагын орчинд ногоон өнгө, байгалийн мэдрэмж авчирсан бэ гэдгийн илэрхийлэл.

Миний хувьд ургамалтай ажиллах нь буянтай ажил.

Тиймээс цаашид ургамлыг зөвхөн интерьерийн чимэглэл биш, амьдралын чанарыг дэмжих, байгальтай ойр амьдрах соёлын нэг хэсэг болгохыг хүсдэг.

Танай байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй хүмүүст хандаж юу хэлэх вэ?

Бид найман жилийн туршлага, мэргэжлийн мэдлэгтээ тулгуурлан тухайн орчны гэрэл, сүүдэр, температур, ургамал ургах нөхцөлд тохирсон шийдэл санал болгодог. Зөвхөн савтай ургамал тавихаас гадна хана, тааз, шал зэрэг орон зайн онцлогт тохирсон ногоон, декоратив шийдэл гаргаж чадна. Мөн байгууллагын ажилтнуудад ургамлын ач тус, арчилгааны талаар сургалт өгч, цаашид тогтмол арчлах үйлчилгээ үзүүлдэг. Тухайн орчинд ногоон шийдэл хэрэгтэй бол заавал том зүйлээс эхлүүлэх шаардлагагүй.