Монголын зах зээлд LX Hausys брэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг “Мэргэн Номин” ХХК энэ онд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ш.Марттай интерьерийн чиг хандлага, материалын сонголт, гүйцэтгэлийн чанар болон Монголд чанартай интерьерийн соёлыг төлөвшүүлэх зорилгынх нь талаар ярилцлаа.
Мэргэн Номин ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулна уу?
Юуны өмнө Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтын нүүр царайг тодорхойлж ирсэн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн барилгачид, архитектор, инженер, зураг төсөл зохиогчид, техникийн ажилтан, мэргэжлийн ажилтан, ажилчид болон энэ салбарт хөдөлмөрлөж ирсэн нийт хүмүүстээ өргөн дэвшүүлье.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсын хот суурин, бүтээн байгуулалт, дэд бүтэц, сургууль, эмнэлэг, орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн барилга байгууламж гээд өнөөдрийн бидний амьдарч буй орчныг үе үеийн барилгачид маань бүтээн байгуулж ирсэн. Барилгын салбар бол улс орны хөгжлийн бодит дүр төрхийг бүтээж, хүний амьдрах, ажиллах, суралцах орчныг бий болгодог онцгой салбар.
Тиймээс энэ түүхэн 100 жилийн ой нь зөвхөн нэг салбарын баяр бус, Монгол Улсын бүтээн байгуулалтын хөгжлийг хамтдаа эргэн харж, цаашдын 100 жилийг хэрхэн илүү чанартай, аюулгүй, эрүүл, тогтвортой орчин болгон бүтээх вэ гэдгээ бодох чухал мөч гэж харж байна. Манай компанийн 10 жилийн ойтой давхцаж байгаа нь ч бидний хувьд бэлэгшээлтэй сайхан үйл явдал болж байна. Бид энэ түүхэн салбарын нэгэн хэсэг болж, Монголын барилгын дотоод заслын материалын хөгжил, чанарт өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Мэргэн Номин ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. 2017 онд БНСУ-ын LG Hausys, 2021 оноос LX Hausys нэртэй болсон брэндийн ханын цаасны Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж эхэлсэн бөгөөд анхны салбар дэлгүүрээ Шинэ-Айл худалдааны төвд нээж байлаа.
Үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа Хурд группын “Хүннү 2222”, “Академи” зэрэг төслүүд, Их Модун компанийн “Модун Таун”, НТМ-ийн “Belmonte”, Жигүүр Гранд группын “Park View” зэрэг олон төсөлтэй хамтран ажиллаж ирсэн нь бидэнд ихээхэн урам зориг өгсөн. Улмаар 2019 онд Мишээл барилгын их дэлгүүрт хоёр дахь салбараа нээж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлөө жил бүр өргөжүүлэн ажиллаж байна. Манай үндсэн бүтээгдэхүүнд ханын цаас, винил болон PVC хулдаас, тэр дундаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг тусгай зориулалтын орчинд ашиглах шалны материал, мөн орон сууц, оффисын зориулалттай SPC төрлийн шал зэрэг интерьерийн материалууд багтдаг.
Гэхдээ бидний хувьд үйл ажиллагаа зөвхөн материал худалдаалахаар хязгаарлагддаггүй. Зураг төслийн шатнаас эхлэн материалын сонголтын талаар зөвлөгөө өгч, мэргэжлийн зураг төсөлд оруулах файлууд болон техникийн мэдээллээр хангадаг. Ингэснээр материалын сонголтыг зураг төслийн шийдэлтэй уялдуулж, төслийн явцад сонголт өөрчлөгдөх эрсдэлийг бууруулах боломжтой.
Мөн техникийн үзүүлэлт, нийлүүлэлтийн хугацаа, логистикийн явц, ачилт, өрөлт, нуралт, чийг болон бусад хүчин зүйлээс хамгаалах тээвэрлэлтийн стандарт, агуулахын хадгалалтын горим, гүйцэтгэлийн зөвлөмж, инженерийн дэмжлэг зэрэг төслийн бүхий л үе шатанд хамтран ажиллахыг зорьдог.
Өөрөөр хэлбэл, бидний хувьд материал нийлүүлэх нь ажлын төгсгөл биш, харин төслийн чанартай үр дүнг бий болгох үйл явцын нэг хэсэг юм.
Материалын сонголт нь интерьерийн өнгө үзэмж, ашиглалтын хугацаа, тав тух, эрүүл мэндэд нөлөөлдөг. Та материал сонгохдоо юуг хамгийн түрүүнд харгалздаг вэ?
Бид материал сонгохдоо зөвхөн өнгө, дизайн эсвэл үнийг эхний шалгуур болгодоггүй. Нэгдүгээрт, тухайн материалын техникийн үзүүлэлт, зориулалт, ашиглалтын орчинд тохирох эсэхийг хардаг. Үүний дараа хүний эрүүл мэнд, тав тухтай орчинд үзүүлэх нөлөө, ялгаруулалтын үзүүлэлт, байгаль орчны шаардлага, эдэлгээ, арчилгаа, суурилуулалтын нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг авч үздэг.
Ялангуяа сургууль, эмнэлэг, цэцэрлэг, оффис зэрэг олон хүн тогтмол ашигладаг орчинд материалын сонголтыг илүү нарийн хийх шаардлагатай. Тодорхой бүтээгдэхүүний хувьд FloorScore, GREENGUARD Gold, Indoor Air Comfort Gold, EPD зэрэг гэрчилгээ, үнэлгээ байгаа эсэхийг бүтээгдэхүүн тус бүрийн техникийн баримт бичгээр шалгах нь чухал гэж үздэг. Яагаад гэвэл барилгын дотор орчин хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Бид өдөр тутмын амьдралынхаа ихэнх цагийг дотор орчинд өнгөрөөдөг бөгөөд тухайн орчны агаарын чанарт барилгын материал, тавилга, будаг, цавуу, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Тухайлбал, формальдегид зэрэг зарим дэгдэмхий органик нэгдэл буюу VOC нь барилгын материал, цавуу, будаг, тавилга зэрэг олон эх үүсвэрээс дотор орчинд ялгарч болдог. Зарим VOC нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Тиймээс өнөөдөр дэлхий нийтээр интерьерийн материалыг зөвхөн “гоё харагдах уу?” гэдгээр нь бус, “энэ материал тухайн орчны дотор агаарын чанарт ямар нөлөөтэй вэ?” гэдгээр нь авч үзэх хандлага улам нэмэгдэж байна.
Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Зөвхөн “VOC багатай” гэсэн шошгыг хараад бүтээгдэхүүнийг шууд эрүүл, аюулгүй гэж дүгнэж болохгүй. Тухайн бүтээгдэхүүний бодит ялгаруулалтын үзүүлэлт, ямар стандарт болон гэрчилгээний шаардлага хангасныг бүтээгдэхүүн тус бүрийн техникийн баримтаар шалгах нь чухал. Тиймээс бидний хувьд чанартай материал гэдэг нь зөвхөн өнгө, дизайн сайтай материал биш. Хүний амьдарч, ажиллаж, сурч байгаа орчинд тохирсон, техникийн шаардлага хангасан, зөв сонгогдож, зөв гүйцэтгэсэн материал юм.
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн интерьерийн талаарх сонирхол, чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Монгол хэрэглэгчид ямар төрлийн ханын цаасыг илүү сонгож байна вэ?
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид зөвхөн гоё харагдах материалаас илүүтэй тухайн орчинд ямар мэдрэмж төрүүлэх, хэр удаан ашиглагдах, арчлахад хэр хялбар байх зэрэгт анхаарах болсон. 2026 оны интерьерийн чиг хандлагад дулаан, байгалийн өнгө, байгалийн материалын мэдрэмжтэй текстур, маалинган болон даавуун төрх, чулуу, модны бүтэц, ургамаллаг буюу биофилик дизайн, мөн тодорхой хэсгийг онцлох statement wall шийдлүүд хүчтэй байна.
Монгол хэрэглэгчдийн хувьд ч дулаан нейтрал өнгө, байгалийн төрхтэй текстур, минимал боловч чанартай харагдах шийдэл эрэлттэй хэвээр байна. Үүний зэрэгцээ илүү зоригтой өнгө, хээ, онцлох ханын шийдлийг сонирхох хэрэглэгчид нэмэгдэж байна. Нэг хэвийн интерьерээс илүү өөрийн онцлогийг илэрхийлсэн, тухайн орчинд тодорхой мэдрэмж бий болгодог дизайныг хэрэглэгчид сонирхох болсон нь ажиглагддаг.
Орон сууц, оффис, худалдааны талбай, зочид буудал зэрэг өөр өөр зориулалтын орчинд шал болон ханын материалыг хэрхэн зөв сонгох талаар зөвлөдөг вэ?
Материалыг зориулалтаас нь салгаж сонгох боломжгүй. Нэг материал бүх орчинд ижил үр дүнтэй байна гэж үзэх нь буруу. Жишээлбэл, ахуйн зориулалттай хулдаас, паркетан шал зэрэг материалыг сургууль, цэцэрлэг зэрэгт шууд ашиглах нь тохиромжгүй. Учир нь зориулалт бүр өөрийн гэсэн стандарт, техникийн үзүүлэлт, эдэлгээ болон арчилгааны шаардлагатай байдаг.
Орон сууцанд тав тух, дизайн, арчилгаа болон гэр бүлийн хэрэглээнд тохирох байдал чухал. Оффисын хувьд хүн ихтэй, тогтмол ашиглагддаг учраас элэгдэл, арчилгаа болон интерьерийн концепцтой уялдах байдлыг харна. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн хувьд аюулгүй байдал, дотор орчны чанар, цэвэрлэгээ, ашиглалтын онцлогийг илүү чухалчилна. Харин зочид буудал болон дээд зэрэглэлийн орон сууцанд дизайн, мэдрэмж, эдэлгээ, нийт интерьерийн концепцод илүү өндөр шаардлага тавигддаг. Тиймээс бид хэрэглэгчид болон төслийн багт эхлээд “Ямар орчинд, хэн, хэр их ашиглах вэ?” гэдгийг тодорхойлсны дараа материал сонгохыг зөвлөдөг.
Монгол хэрэглэгчдийн хувьд дулаан нейтрал өнгө, байгалийн төрхтэй текстур, энгийн атлаа чанартай харагдах шийдэл эрэлттэй хэвээр.

Зах зээл дээрх бүтээгдэхүүнүүдээс танай бүтээгдэхүүнүүдийн онцлог, ялангуяа чанар, дизайн, эдэлгээний хувьд юугаараа ялгардаг вэ?
LX Hausys-ийн бүтээгдэхүүний давуу тал нь зөвхөн нэг үзүүлэлтээр хязгаарлагдахгүй. Дизайн, материалын технологи, чанар, техникийн үзүүлэлт, хэрэглээний зориулалт болон төслийн дэмжлэг гэсэн хэд хэдэн хүчин зүйлийг цогцоор нь харж болно.
Гэхдээ би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Сайн материал өөрөө дангаараа бүхнийг шийддэггүй. Өөрөөр хэлбэл “нэг бүтээгдэхүүн бүх нөхцөлд хамгийн сайн” гэж ойлгуулахыг хүсдэггүй. Харин тухайн төслийн зориулалт, ачаалал, орчны нөхцөлд тохирох бүтээгдэхүүнийг зөв сонгох нь хамгийн чухал. Жишээлбэл, сайн чанарын ханын цаасыг буруу хадгалсан, буруу тээвэрлэсэн эсвэл буруу гүйцэтгэсэн тохиолдолд эцсийн үр дүн муу гарч болно. Тиймээс Мэргэн Номин ХХК-ийн хувьд бүтээгдэхүүний чанарыг зөв гүйцэтгэлтэй салшгүй холбоотой гэж үздэг. Үйлдвэрээс гарсан сайн материал зөв хадгалагдаж, зөв ачигдаж, зөв тээвэрлэгдэж, үйлдвэрлэгчийн зааврын дагуу зөв гүйцэтгэгдэж байж эцсийн чанар бий болно. Иймээс бид нийлүүлсэн төслийн гүйцэтгэл хийхээс өмнөх талбайн бэлтгэл, гүйцэтгэлийн явц, хадгалалтын горим, гүйцэтгэлийн дараах арчилгаа зэрэгт заавар, зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд хяналт тавьж ажилладаг.
Мөн жилд нэг удаа ханын цаасны үйлдвэрийн мэргэжилтнүүд Монголд ирж, төслүүдийн гүйцэтгэлийн явцтай танилцан зөвлөгөө өгдөг. Үүгээр зогсохгүй шаардлагатай тохиолдолд Монголын цаг уур, нарны тусгал зэрэг орчны онцлогт нийцүүлэн бүтээгдэхүүн, шийдлийг сайжруулах чиглэлээр үйлдвэрлэгчтэй нягт хамтран ажилладаг.
Зах зээл дээр ханын цаас, шалны сонголт маш олон болсон. Хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүнийг чанаргүйгээс ялгахад ямар хүндрэлтэй байдаг вэ?
Хамгийн том хүндрэл нь гаднаас харахад олон бүтээгдэхүүн хоорондоо төстэй байдагт оршдог. Өнгө, хээ, гадаргууг хараад чанарыг бүрэн тодорхойлох боломжгүй. Өнөөдөр хэрэглэгчийн хувьд хамгийн анхаарах ёстой зүйл бол зөвхөн материалын харагдах байдал биш, тухайн материалын найрлага, ялгаруулалт, техникийн үзүүлэлт юм. Жишээлбэл, шинэ байр эсвэл шинэ интерьер хийсний дараа “шинэ материалын үнэр” их гарахыг заримдаа хүмүүс чанартай эсвэл шинэ бүтээгдэхүүний хэвийн үнэр гэж ойлгодог. Гэтэл үнэр байгаа эсэх нь дангаараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тодорхойлох шалгуур биш.
Мөн дотор орчны чийг, хөгц, мөөгөнцөр зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс материалын сонголттой зэрэгцээд тухайн орчны агааржуулалт, чийгшил, ашиглалтын нөхцөлийг анхаарах шаардлагатай.
Тиймээс хэрэглэгч бүтээгдэхүүн сонгохдоо дараах асуултыг асууж хэвших хэрэгтэй:
Үйлдвэрлэгч нь хэн бэ?
Техникийн үзүүлэлт нь юу вэ?
Ямар стандарт, гэрчилгээтэй вэ?
VOC болон дотор орчны ялгаруулалтын үзүүлэлт бий юу?
Тухайн орчиндоо тохирох уу?
Зөв хадгалалт, зөв гүйцэтгэлийн шаардлага нь юу вэ?
Ингэж хэрэглэгчид өөрсдөө зөв мэдээлэл авч сурах нь зах зээлийг бүхэлд нь сайжруулна гэж боддог.
Мөн “үнэтэй материал = чанартай материал” гэсэн ойлголтоос “баталгаатай мэдээлэлтэй, зориулалтдаа тохирсон материалыг зөв сонгох нь чанарын үндэс” гэсэн ойлголт руу шилжих нь чухал.
Монголын барилгын дотоод засал, интерьерийн зах зээлийн өнөөгийн байдлыг та хэрхэн харж байна вэ? Боломж, сорилт нь юу вэ?
Монголын интерьерийн зах зээл сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн мэдлэг, дизайнеруудын оролцоо, олон улсын бүтээгдэхүүний хүртээмж нэмэгдэхийн хэрээр илүү мэргэжлийн түвшин рүү шилжиж байна. Өмнө нь гоё харагдах байдал, өнгө, загвар, үнэ голлох шалгуур байсан бол одоо зөв орчин бүрдүүлэх, чанар, эдэлгээ, эрүүл орчин, стандарт, баталгаат байдал зэрэгт анхаарах хэрэглэгчид нэмэгдэж байна.
Барилгын чанар гэдэг зөвхөн барилгын хийц, гадна фасад, инженерийн шугам сүлжээгээр дуусах ойлголт биш. Хүн тухайн барилгад орж ирээд амьсгалж байгаа агаар, хэрэглэж байгаа материал, гэрэлтүүлэг, дулаан, чийгшил, тав тух зэрэг нь мөн барилгын чанарын нэг хэсэг.
Дэлхий нийтэд Healthy Building, Healthy Interior, Green Building гэсэн ойлголтууд улам хүчтэй болж байна. Өөрөөр хэлбэл барилга нь зөвхөн эрчим хүчний хэмнэлттэй байхаас гадна хүний эрүүл мэнд, тав тухыг дэмжих орчин байх ёстой гэсэн ойлголт руу шилжиж байна. Энэ чиглэл Монголд ч улам хөгжинө гэж хардаг. Нөгөө талд импортын хамаарал, валютын ханш, логистик, төслийн хугацаа, ажиллах хүчний ур чадвар зэрэг нь салбарын гол сорилтууд хэвээр байна. Бидний хувьд энэ нөхцөлд хамгийн том боломж нь хэрэглэгчдэд зөв мэдээлэл өгч, бүтээгдэхүүний чанараас гадна зөв сонголт, зөв гүйцэтгэлийн үнэ цэнийг ойлгуулах явдал гэж хардаг.
Үүний зэрэгцээ зураг төслийн шатнаас эхлэн материалын сонголт, техникийн мэдээлэл, нийлүүлэлт, хадгалалт, гүйцэтгэл, инженерийн зөвлөгөө, эцсийн хүлээлгэн өгөх хүртэлх үйлчилгээг нэг систем болгон хөгжүүлнэ.

Импортын үнэ, валютын ханш, логистикийн зардал шууд нөлөөлдөг. Та эдгээр эрсдэлийг хэрхэн удирддаг вэ?
Манай бизнес импортын хамааралтай учраас валютын ханш, тээврийн үнэ, үйлдвэрлэлийн хугацаа зэрэг олон хүчин зүйл шууд нөлөөлдөг. Тиймээс бид төслийн хэрэгцээг аль болох эрт тодорхойлж, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн төлөвлөгөөг урьдчилан гаргах, барааны нөөц болон логистикийн хугацааг зөв тооцох, төслийн графиктай уялдуулахыг чухалчилдаг.
Мөн валютын ханш, тээвэрлэлтийн нөхцөл, үйлдвэрлэлийн хугацаа зэрэг өөрчлөгдөж болох хүчин зүйлсийг эрт тооцож, хэрэглэгч болон төслийн багтай нээлттэй мэдээлэл солилцох нь эрсдэлийг бууруулахад чухал. Яагаад гэвэл логистикийн нэг жижиг алдаа ч төслийн хугацаа, зардалд нөлөөлж болно. Тиймээс бидний хувьд эрсдэлийг зөвхөн импортын үе шатанд бус, үйлдвэрээс хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх замд тооцох нь чухал.
Ойрын хугацаанд тавьж буй зорилго, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон салбарынхаа хөгжлийн чиглэл юу вэ?
Бидний ойрын хугацааны гол зорилго бол Монголын барилгын дотоод заслын чанарыг нэг алхам урагшлуулахад хувь нэмрээ оруулах юм. Цаашдаа бид “Healthy Interior”, “Green Building”, “Professional Project Support” гэсэн гурван чиглэлд илүү төвлөрч ажиллах зорилготой байна.
Өөрөөр хэлбэл, бид зөвхөн “ямар ханын цаас, ямар шал зарах вэ?” гэж харахгүй. Хүн өдөр бүр амьдарч, ажиллаж, сурч, амарч байгаа орчин ямар чанартай байх вэ гэдгийг хамт авч үздэг болохыг зорьж байна. Ялангуяа Healthy Interior буюу эрүүл интерьерийн ойлголтыг Монголын зах зээлд илүү таниулахыг хүсэж байна. Интерьер гэдэг зөвхөн гоё харагдах тухай биш. Материалын чанар, техникийн үзүүлэлт, дотор орчны агаарын чанар, арчилгаа, ашиглалтын хугацаа зэрэг нь бүгд хүний өдөр тутмын тав тухтай холбоотой. Мөн бид бүтээгдэхүүний нэр төрлөө жил бүр шинэчилж, шинэ технологи, чанартай материал, орчин үеийн дизайны шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэхийг зорьдог.
Нөгөө талаас, бидний хувьд үйлчилгээ гэдэг зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлээд дуусахгүй. Төслийн зураг төслийн шатнаас эхлээд материалын сонголт, техникийн мэдээлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, хадгалалт, гүйцэтгэл, инженерийн зөвлөгөө, эцсийн хүлээлгэн өгөх хүртэл мэргэжлийн дэмжлэг үзүүлэх системээ улам сайжруулна. Учир нь сайн материал зөвхөн өөрөө чанартай байхаас гадна тухайн орчиндоо зөв сонгогдож, зөв хадгалагдаж, зөв гүйцэтгэгдсэнээрээ үнэ цэнээ бий болгодог.
Тиймээс бидний цаашдын зорилго бол зөвхөн бүтээгдэхүүн борлуулах биш, зөв материалын сонголт, зөв гүйцэтгэл, эрүүл бөгөөд чанартай интерьерийн соёлыг Монголын барилгын салбарт бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах юм.
Барилгын салбарын дараагийн 100 жил илүү чанартай, илүү эрүүл, илүү хүн төвтэй бүтээн байгуулалтын жилүүд байгаасай гэж хүсэж байна.
Mongolian Economy "Бүтээн байгуулалтын 100 жил" тусгай дугаарын 38-39-р тал, 2026 оны 9-р сар



