Хүндэт элчин сайд танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та хоёр орны аялал жуулчлалын харилцааг хэрхэн дүгнэж байна вэ? Сүүлийн жилүүдэд Энэтхэг, Монголд харилцан зочлох жуулчдын тоо ямар түвшинд байна вэ?
Энэхүү ярилцлагад оролцох урилга илгээсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс нь буддын шашнаар холбогдсон соёл иргэншлийн олон зуун жилийн түүхтэй, оюун санааны ахан дүүс бөгөөд стратегийн түнш орнууд билээ. Манай хоёр орны харилцаа олон салбарыг хамран хөгжиж байна. Тэр дундаа аялал жуулчлал нь хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан зорчих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх өргөн боломж бий гэж би үзэж байна.
Хэдийгээр хоёр орны түүхэн хэлхээ холбоо, найрсаг харилцаа, оюун санааны нийтлэг өв уламжлал гүн гүнзгий боловч жуулчдын тоо нь гүн гүнзгий харилцаатай дүйцэхүйц их байж чадахгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд жуулчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд шинэ санаачилгуудын үр дүнд улам өснө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа Энэтхэг, Монгол Улсын хооронд шууд нислэг эхэлснээр хоёр орны иргэдийн харилцан зорчих урсгалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Энэхүү шууд нислэгийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Цаашид нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал юунд анхаарах шаардлагатай вэ?
Энэтхэг Улсын Элчин сайдын яам болон “Хүннү Эйр” компанийн хүчин чармайлтын үр дүнд Улаанбаатар–Нью Дели–Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг “Хүннү Эйр” компани долоо хоногт нэг удаа үйлдэж эхэлснийг дуулгахад таатай байна. Ингэснээр хоёр улсын хооронд зорчих нислэгийн хугацаа мэдэгдэхүйц богиносож, ердөө 5–6 цаг болж байна. Харин Бээжин, Хонконг, Сөүл хотоор дамжин нисэхэд нислэгийн нийт хугацаа 13–24 цаг байдаг. Шууд нислэг нь дараах эерэг үр дүнг авчрах боломжтой. Тухайлбал, Монголоос Энэтхэг Улсыг зорих буддын шашинтай холбоотой жуулчдын тоо хэд дахин нэмэгдэх, Энэтхэг Улсыг зорих Монголын иргэдийн эмчилгээ, эрүүл мэндийн аялал жуулчлал улам өргөжин хөгжих нөхцөл бүрдэнэ.
Мөн бизнес эрхлэгчдийн зорчих нөхцөл хялбаршсанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам идэвхжиж, Энэтхэг Улсаас бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрлэх хугацаа богиносох, тээврийн зардлыг бууруулах боломж бүрдэнэ.
Мэдээж хоёр орны иргэд хоорондын харилцаа, соёлын солилцоо улам өргөжин бэхжинэ. Шууд нислэгийн тогтвортой үйл ажиллагааг хангаж, цаашид нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал дараах асуудлуудад онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, шууд нислэгийн талаарх мэдээллийг өргөн хүрээнд бүх иргэдэд хүргэх мөн сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хоёр улсын аялал жуулчлалын компани, тур операторуудын танилцах аяллыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой. Одоогоор визийг харилцан үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд цаасан болон цахим визийг 2–3 хоногийн дотор шийдвэрлэж байна.
Монгол Улсын Засгийн газраас Энэтхэгийн иргэдэд хил дээр виз олгох нөхцөлийг албан ёсоор зарлан хэрэгжүүлбэл Монгол Улсыг зорих Энэтхэгийн жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой. Гуравдугаарт, хоёр улсын хооронд зорчигчдын урсгал нэмэгдсэн тохиолдолд “Хүннү Эйр” компани нислэгийн давтамжийг долоо хоногт нэгээс хоёр болгон нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн, шууд нислэгийн үнэ өрсөлдөхүйц болон хэрэглэгчдэд таатай байх, үүний тулд хоёр улсын аялал жуулчлалын компаниуд хамтран ажиллаж тусгай аяллын багц санал болгох нь зүйтэй.
Энэтхэгийн аялагчдын нүдээр Монгол Улсын хамгийн сонирхолтой, бусад улсаас ялгарах давуу тал нь таны бодлоор юу вэ? Нүүдлийн соёл, байгаль, адал явдалт болон өвлийн аяллын аль чиглэлээр Энэтхэгийн зах зээлд илүү амжилттай нэвтрэх боломжтой гэж үзэж байна вэ?
Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай, газарзүйн олон янз байдлаараа жуулчдын сонирхлыг татдаг орон. Уудам тал нутаг, говь цөлийн сүрлэг тогтоц, Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгаль гээд олон төрлийн нөөц, боломжийг бүрдүүлсэн байдаг. Түүхэн талаас нь авч үзвэл, Монгол Улс Торгоны замын чухал бүс нутагтай холбогддог бөгөөд Их эзэн Чингис хааны түүх, өв соёл нь Энэтхэгийн жуулчдын сонирхлыг татахуйц чухал нөөцтэй.
Түүнчлэн Монгол орны өнцөг булан бүрд орших буддын шашны түүхэн хийд, сүм дуганууд нь Энэтхэгийн жуулчдын сонирхлыг татах боломж юм. Энэтхэг Улс ихэнх нутгаараа халуун уур амьсгалтай тул манай иргэд цас харах чин хүсэлтэй байдаг. Энэ утгаараа Монгол Улс Энэтхэгийн жуулчдад цас, өвлийн байгаль, хүйтэн улирлын онцлогийг мэдрэх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Иймд Энэтхэгийн зах зээлд Монголын өвлийн аялал жуулчлалыг сурталчлан хөгжүүлэх боломж их байна. Мөн Монгол орны уудам нутаг, байгалийн өвөрмөц тогтоц нь дугуй, автомашин, мотоциклоор аялах сонирхолтой Энэтхэгийн жуулчдыг хэдийнэ татаж эхэлсэн.
Энэтхэг жуулчдыг татах, сэтгэл ханамжтай аялуулахын тулд Монголын аялал жуулчлалын компаниуд юунд (хоолны сонголт, хэлний үйлчилгээ, төлбөр тооцоо, аяллын зохион байгуулалт гэх мэт) илүү анхаарах хэрэгтэй вэ? Хоёр улсын тур операторуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд одоогоор хамгийн их дутагдаж буй зүйл юу байна вэ?
Энэтхэгийн хүн амын дийлэнх нь үхэр болон гахайн мах хэрэглэдэггүй. Монгол Улсад зорчиж буй Энэтхэгийн жуулчдын нэлээд хэсэг нь цагаан хоолтон байдаг бөгөөд мах, өндөг, загас агуулаагүй цагаан хоолыг илүүд үздэг. Тиймээс Энэтхэг хоолоор үйлчилдэг Монголын ресторануудаар жуулчдыг үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэлний үйлчилгээний тухайд англи хэлээр харилцах чадвартай хөтөч, тайлбарлагч ажиллуулах хэрэгтэй. Төлбөр тооцооны боломжийн хувьд томоохон банкуудын дебит болон кредит картыг ашиглах боломжийн талаар урьдчилан мэдээлэл өгөх нь зүйтэй. Мөн найдвартай, албан ёсны валют арилжааны цэг, эсвэл зочид буудалд солиулах боломжтой талаар зөвлөвөл тун хэрэгтэй.
Улаанбаатар хотод замын хөдөлгөөний ачаалал их байдаг тухай урьдчилан мэдээлэл өгөх нь чухал.
Харин аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх зорилгоор харилцан танилцах аяллыг зохион байгуулах, аялал жуулчлалын компаниудын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн харилцааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах нь зүйтэй.


