“Интеллижент Финанс” хэрэглэгчдийнхээ яг ямар "өвдөлт"-ийг шийдэхийг зорьдог вэ? Брэндийн анхны санаа хэрхэн төрж байв?

Санхүүгийн байгууллага өргөжих тусам өдөр тутмын процесс, ажлын урсгалыг тойрсон асуудлууд томордог. Гар ажиллагаа ихсэх, нэг мэдээллийг олон газар давхар бүртгэснээс үүсэх алдаа, программ хөгжүүлэгчээ хүлээх хараат байдал, зохицуулагчид тайлагнах ачаалал зэрэг нь салбарын байгууллагуудын өдөр бүр тулгардаг бодит "өвдөлт" мөн. Манай систем эдгээрийг хялбаршуулж, цаашлаад өнгөрсөн үеийн мэдээлэлд тулгуурлан ирээдүйн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгдөг. Зөвхөн өнөөдрийн асуудлыг уян хатан шийдэхээс гадна ирээдүйн тэлэлт, өсөлтөд түүртэхээргүй дэд бүтцээр харилцагчдаа хангаж байна. 

Шаардлагатай үед хөгжүүлэгчээ хүлээхгүй харилцагч өөрсдөө ажлын процесс, бүтцээ удирдаж чадахуйц, гарт ойр багажуудыг функц, модуль хэлбэрээр системдээ суулгаж өгдөг нь бидний онцлог. Ингэснээр технологийн эрсдэлт шатыг товчилж, харилцагчдадаа зөвхөн бизнестээ анхаарах эрх чөлөөг олгодог. Анхны санаа маань тухайн үед дэлхий даяар хүчтэй танигдаж байсан үүлэн технологи, тэр дундаа программ хангамжийг үйлчилгээ болгон нийлүүлэх (SaaS) модельтой холбоотой. Бид Монголын санхүүгийн байгууллагуудад 24/7 ажилладаг, хурдан нэвтрэх боломжтой, ашиглахад хялбар, дээрээс нь гуравдагч талын интеграц холболтыг барьж авч мэдээллийн урсгалыг дамжуулах чадвартай дэд бүтэц хэрэгтэй гэж харсан.

Зөвхөн санхүүгийн байгууллагаас гадна өөр ямар салбарт технологийн шийдэл нэвтрүүлдэг вэ?

Манай үндсэн чиглэл бол санхүүгийн байгууллагуудад зориулсан технологийн шийдэл хөгжүүлэх. Гэхдээ зөвхөн санхүүгийн салбараар хязгаарлагддаггүй. ББСБ, үнэт цаасны компаниуд өөрсдийн ашиглаж буй дэд бүтэц дээрээ бусад салбар руу чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргадаг. Тэдгээр тохиолдолд салбар бүрт нь уялдсан технологийн үйлчилгээгээр дэмжин ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн бие даасан системүүд, финтек, арилжааны банк, боловсрол, эрүүл мэндийн салбарын 30 гаруй гуравдагч талын холболтыг өөрийн дэд бүтэцтэй нь хийж, хамтран ажилласан. Энэ нь харилцагч байгууллагуудад шинэ бүтээгдэхүүн хурдан гаргах, өөр салбарын хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг илүү хялбар хүргэх, дотоод үйл ажиллагаагаа алдаа багатай удирдах боломжийг олгож байна. 

Сүүлийн үеийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинэчлэлтийн онцлогоос хуваалцана уу?

Зээл болон төлбөр тооцооны финтек системийг онлайн дэлгүүртэй холбосон, олон системтэй интеграц хийсэн "ФИНТЕК КОММЕРС" аппликэйшнд суурилсан цогц бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг нэрлэж болно. Манай “iFinance SaaS” систем энэхүү экосистемийн үндсэн суурь болж ажилладаг. Систем дээр харилцагчийн бүртгэл, гэрээ, зээл, итгэлцэл, үнэт цаасны арилжаа, төлөлт, дотоод хяналт зэрэг үндсэн процессууд төвлөрч байна. 

Мөн зохицуулагч байгууллагуудаас сар, улирал бүр шаарддаг Excel тайлангуудын тооцооллыг автоматаар гүйцэтгэдгээрээ онцлогтой.

Нэмэлтээр бид ажилтан, хэрэглэгчийн цагийг хэмнэх, олон удаа давтагддаг процессыг автоматжуулах зорилгоор хиймэл оюун, виртуал туслах, LLM агент зэрэгт суурилсан багаж хэрэгслийг хөгжүүлж байна.

Эдгээр систем хоорондоо холбогдсоноор харилцагч байгууллага нэг мэдээллийг олон газар давхар бүртгэх шаардлагагүй, мэдээлэл нэг эх үүсвэрээс урсаж, тайлан тооцоолол илүү хурдан, хяналттай, алдаа багатай болдог. Сүүлийн үеийн нэг онцлох шинэчлэл бол iFinance SaaS системтэй холбогдсон хиймэл оюуны туслах юм. Хэрэглэгч систем ашиглах явцдаа ойлгохгүй зүйл гарвал системийнхээ дотроос асууж, тайлбар авах боломжтой болсон.

Үйл ажиллагаа явуулсан хугацааны хамгийн амжилттай төсөл, бүтээгдэхүүнээ нэрлэвэл? Амжилтад нөлөөлсөн гол хүчин зүйлсийг хэрхэн тодорхойлох вэ?

Бидэнд хэрэгжүүлсэн олон төсөл бий. Жишээлбэл, Санхүүгийн Зохицуулах Хороонд зориулж Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тайлан хүлээн авах системийг бүтээсэн. Мөн Монголын системийн ТОП 5 арилжааны банкны IPO-ийн үеийн системийн шийдэл. 2022-2023 онд ХААН банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, ХАС Банкны анхдагч арилжаанд манай системийг ашигладаг 17 үнэт цаасны компани оролцож, 35,000 орчим эцсийн хэрэглэгчийн 120 орчим тэрбум төгрөгийн захиалгыг Монголын Хөрөнгийн бирж дээр амжилттай биелүүлсэн. 

Энэ нь олон хэрэглэгч зэрэг ханддаг, өндөр ачаалалтай нөхцөлд систем тогтвортой ажиллаж, зах зээлийн томоохон үйл ажиллагааг даацтайгаар дэмжих чадвартайг харуулсан чухал туршлага боллоо. Амжилтад нөлөөлсөн гол хүчин зүйлс бол чадварлаг хамт олон, туршлага, технологийн найдвартай байдал.

Компанийн хөгжлийн замналд хамгийн том сорилт юу байв? Хэрхэн даван туулсан бэ?

Стартап үеийн бойжилтыг хамгийн том сорилт гэж хэлнэ. Тодорхой хэмжээний санхүүжилт, эргэлтийн хөрөнгө, чадвартай баг, ажиллах орчин, тогтвортой цалин хөлс, хэрэглэгчийн итгэл зэргийг зэрэг бүрдүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байлаа. Энэ үед ICT группийн нэгдсэн бодлого, дэмжлэг бидэнд том түшиг тулгуур болсон. Хураасан туршлага, хуримтлуулсан мэдлэгээсээ бидэнтэй хуваалцаж, бойжилтын үед хурдасгуур болсон дэмжлэгүүд нь өнөөдөр биднийг үндсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ төвлөрөх, багаа тогтвортой авч явах боломжийг олгосон. Мөн бидэнд анх итгэл үзүүлсэн анхны харилцагчид болох “Богд Лизинг”, “Үйзэн Ивээлт” компаниудад үргэлж талархдаг.

Шинэ компани, шинэ бүтээгдэхүүнд итгэл үзүүлэх нь өөрөө асар том дэмжлэг байлаа.

Тэдний итгэл бидэнд бүтээгдэхүүнээ бодит хэрэглээнд туршиж, сайжруулж, цааш хөгжүүлэх боломжийг нээж өгсөн. Эргээд харахад эхний жилүүдийн сорилтууд бидэнд нэг зүйлийг тодорхой ойлгуулсан. Технологийн компани өсөхөд сайн санаа, сайн системээс гадна итгэлтэй харилцагч, тогтвортой баг, бүтээлч хүсэл эрмэлзэл дүүрэн хамт олон хамгийн чухал байдаг.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 68-69-р нүүр