Цалин, тэтгэврийн нэмэгдлийг инфляц залгих, өрийн дарамтыг ирээдүй рүү шилжүүлэх эрсдэлийг эдийн засагчид анхааруулж байсан ч УИХ 2027 оны төсвийг эцэслэн баталлаа.  39.2 их наяд төгрөгийн орлого, 41.5 их наяд төгрөгийн зарлагатай байхаар батлагдсан 2027 оны төсвийн алдагдал нь 2.3 их наяд. Гэхдээ оны эцэст төлөвлөсөн алдагдал бүр ч илүү томордог жишгээр энэ дүн дахиад нэмэгдсэн байх вий. Харин эрх баригчдын хувьд, зарлага нь давсан төсвөө өрхийн орлогыг хамгаалах, бизнест татварын хөнгөлөлт үзүүлэх “чадалтай” хэмээн өмгөөлж байна. 

Эдийн засагч Н.Энхбаяр төсөв батлагдсаны дараахан ирэх оны зарлага 2018 оныхоос дөрөв, 2022 оныхоос хоёр дахин нэмэгдэж, эрс тэлснийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, төрөөр дамжин зарцуулах мөнгөний хэмжээ бүсээ чангалаад ч ийн данхайжээ.

Эх сурвалж: Сангийн яам

Өнөөдөр /2026.11.13/ Сангийн сайдын мэдээлснээр, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг дахин 10 хувиар нэмэгдүүлж, дундаж хэмжээг 1.3 сая төгрөгт хүргэх аж. Харин төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэх бол төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, ахмад настны халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөгт хүргэж, асаргааны тэтгэмжийг мөн нэмэгдүүлэхээр болжээ.

Цалингийн сарын орлогын 792 мянган төгрөг хүртэлх хэсгийг татвараас чөлөөлснөөр жилд 950 мянган төгрөг иргэний халаасанд үлдэх тооцоотой байна.

“Бид иргэдийнхээ орлогыг цалин, тэтгэвэр нэмэхээс гадна татварын дарамтыг нь бууруулж хамгаална” гэж Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн мэдэгдэлдээ нэмж тодотгосон.

Төсөв эцэслэгдэхийн өмнө эдийн засагчид төсөвтэй холбоотой шүүмж бишгүй өрнүүлсэн. “Бүтээмжийг нэмэлгүйгээр, нэмүү өртөг бүтээлгүйгээр зах зээлд мөнгө оруулбал инфляц өсдөг. Үнийн дарамт өндөр үед урсгал зардал нэмэгддэг. Алдагдал тэлдэг. Өрийн дарамт ихэсдэг” гэж тэд анхааруулж байсан юм. Үүнтэй төстэй сануулгыг ОУВС ч өгсөн. Тус байгууллага “Төсвийн тэлэлт цаашид үргэлжилж, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин нэмэгдвэл үнэ, цалин ээлжлэн өсөх эрсдэлтэй. Орлого нэмэгдэхэд зардал өсөж, үнэ өсөхөд дахин цалин нэмэх шаардлага тулгарна. Монгол Улс энэ “зовлонт тойрог”-оор гэлдэрч тун болзошгүй” хэмээн аравдугаар сарын мэдэгдэлдээ онцолсон. Хамгийн чухал нь энэ дарамтыг төрийн албан хаагчидтай адил цалингаа нэмэх боломжгүй хувийн хэвшлийнхэн илүүтэй мэдэрнэ. 

Ачаа хөнгөлөх амлалт

Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарын мэдэгдлээс “татвар” гэх үгс ихээхэн тод сонсогдов. Татварын багц өөрчлөлтийн хүрээнд ирэх онд нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тооцоотой аж. 

Бизнесийн орчны тухайд, НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгосноо “засаг” онцлов. Ингэснээр жижиг бизнесүүдийн тайлагнал, бүртгэлийн зардлыг бууруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх орон зайг нь тэлнэ гэж үзжээ. Мөн гарааны бизнесийн эхний гурван жилд ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр болсноо Сангийн сайд тодотгосон.

Үүгээр зогсохгүй ирэх онд жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор жилийн 10 хувийн хүүтэй зээлийг Төрийн банкаар дамжуулан олгохыг тэрбээр мэдэгдэв. Уг зээлийн санхүүжилтэд 1.1 их наяд төгрөг төсөвлөсөн бөгөөд иргэнд 100 сая, ААН-д 300 сая хүртэлх төгрөгийн зээл олгох ажээ.

Төсвийн орлогын бүтцэд өөрчлөлт орж байна. Н.Учралын мэдээлснээр 2027 онд төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь 90-ээс 79 хувь болж буурч байна. “Энэ бол бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүддээ орон зай бий болгосон чухал шийдвэр” гэж Ерөнхий сайд онцлов. Мөн татварын багц хуулийг хэрэгжүүлснээр ирэх онд 17 мянган шинэ ажлын байр бий болох бол 2030 он хүртэл 41 мянган шинэ ажлын байр нэмэгдэнэ гэсэн тооцоог тэрбээр танилцуулсан. 

Нийтлэлийн төгсгөлд Сангийн сайд З.Мэндсайханы өнөөдрийн мэдэгдлээс онцлох хэсгүүдийг товч тоймлоё. 

  • Боловсролын салбарт 928 тэрбум төгрөгөөр 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрыг шинээр барина.

  • Үдийн цай хөтөлбөрт зургаа, долоодугаар ангийн сурагчдыг нэмж хамруулан, хүүхдийн хоолны санхүүжилтийг өсгөнө. 

  • Эрүүл мэндийн салбарын 69 төсөлд 264 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцна.

  • Улсын төсөв, бусад эх үүсвэрийг нийлүүлэн дэд бүтцэд 11 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд дөрөв орчим их наяд төгрөг зарцуулж, үүнээс 435 нь шинээр эхлэх ажил байна.

  • Орон сууцны санхүүжилтэд 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл гаргаж, 16 мянга орчим өрхийг хамруулна. Ипотекийн зээл эхний гурван жилд зургаа, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй байна. 

  • Увс–Ховд, Говь-Алтай–Завханыг холбох авто замын ажлуудыг үргэлжлүүлэх бол Завханы Идэрээс Хөвсгөл аймаг руу чиглэх авто замын ажлыг эхлүүлнэ.

  • Ховд аймагт үйлдвэр, технологийн паркт түшиглэсэн арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. 

  • Таван боомтын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж, заримыг шинээр эхлүүлнэ.

  • Эцэст нь сануулахад, ирэх оны төсвийн зарлагыг санхүүжүүлэх гол “найдвар” уул уурхайн салбарт төвлөрч байгаа нь нууц биш. Гашуунсухайтын төмөр замын холболтыг хийснээр тус боомтоор 20-30 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн нэмж гаргах боломж бүрдэнэ, ингэснээр экспортын орлого өснө гэж эрх баригчид итгэж байна.