Танаас гол асуултаа шууд асууя. Барилгын төсөл хэрэгжүүлэгчид гадна тохижилтдоо хэр хариуцлагатай ханддаг гэж та тодорхойлох вэ?
Эерэг өөрчлөлт гарч байгаа гэж хэлнэ. Гэхдээ түгээмэл дутагдлууд байсаар л байна. Төсөл хэрэгжүүлэгчид гадна орчныг хэтэрхий орой төлөвлөдөг. Жагсаалтын хамгийн төгсгөлд гадна орчноо тавьж, үлдсэн төсөвтөө тааруулан гулсуур, савлуур, сүүдрэвч байрлуулдаг. Хэрэв эрт төлөвлөсөн бол яг тэр төсөвтэй дүйх үнээр илүү дээр хувилбарыг бүтээх боломж байдаг. Тоглоомын талбай бол барилгын салбарынхны “сайн дурын ажил” биш. Анхнаасаа судалж төлөвлөх ёстой зүйл нь.
Мөн тухайн орон зайд юу тавих талаар бодохын оронд тэр орон зайг хэн, хэрхэн ашиглах вэ гэдэгт төвлөрөх нь илүү оновчтой байдаг. Өглөөний нар хаана тусах, салхи голцуу хаанаас салхилах, нэг дор хэчнээн хүн ашиглах, төслийн зэрэглэлээс шалтгаалан оршин суугчдын амьдралын хэв маяг ямар байж болох гээд бүхнийг тооцох хэрэгтэй. Үүгээр зогсохгүй тухайн орчин хоёр настнууд, өсвөр үеийнхэн, тусгай хэрэгцээт тэргэнцэртэй хүүхдүүдэд ч хүртээмжтэй байх ёстой. Ялангуяа ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг тусгаарлах бус, нэг орон зайд хамтдаа тоглох боломжийг дэмжсэнээр хүүхэд бүр “энэ орон зай надад ч бас зориулагдсан” гэх халуун дулаан мэдрэмжийг авдаг. Цаашлаад нийгмийн харилцаанд саадгүй орох итгэлтэй болдог. Тиймээс хүртээмжтэй тоглоомыг (inclusive playground) нийгмийн хариуцлага гэж онцгойлж үзэхээс илүү энгийн шаардлага, зарчим гэж хүлээж авах ёстой.

Хэрэгжүүлсэн төслүүдээсээ онцолж дурдвал та аль төслөө нэрлэх вэ?
Миний хувьд, “Рио Тинто Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн Мазаалай тоглоомын талбайг онцолно. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ бэлэн тоглоом сонгохыг хүсээгүй. Харин зөвхөн Монголыг илэрхийлэх тоглоомын орчин бүтээхийг зорьсон. Ингээд нэн ховордсон мазаалайг гол дүрээ болгон сонгосон. Учир нь хүүхэд амьтны дүрийг маш хурдан хүлээж авдаг.
“Мазаалай гэж ямар амьтан бэ? Яагаад хамгаалах хэрэгтэй вэ?” гэх зэргээр мазаалайн тухай яриа ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудын дунд өрнөөсэй гэж бид хүссэн.
Энэ л бидний гол зорилго. Мазаалайн анхны концепцоо гаргасны дараагаар бид Данийн дизайны багтай хамтран хөгжүүлэлт хийж, Дани, Шведэд мазаалайгаа бүтээлгэсэн. Ингэхдээ Африк гаралтай модон элементүүдийг бүгдийг нь гар аргаар боловсруулсан. Цор ганц Мазаалай дизайныхаа загварын эрхийг авикочууд бид өөрсдөө эзэмшдэг.

Гадна тохижилт, тоглоомын талбайн үнэ цэнийг та хэрхэн тодотгох вэ?
Төсөл хэрэгжүүлэгчид лифт, цонх, сантехник, агааржуулалтад гол төсвөө зориулдаг. Энэ мэдээж сайн хэрэг. Гэхдээ хүмүүс борлуулалтын мэргэжилтэнтэй хотхоноор алхахдаа тэдгээрийн ихэнхийг харахгүй. Харин орц руу алхахдаа замаа харна. Ногоон байгууламжаа харна. Хүүхэд нь тоглоомын талбайд хэрхэн тоглохыг төсөөлнө.
Анхны сэтгэгдэл үнэхээр чухал. Өнөөдөр маш олон төсөл нэг байршил, ижил төстэй төлөвлөлт, барилгын материал, фасад санал болгож байгаа.
Харин гадна орчин бол төсөл хэрэгжүүлэгчдийн өрсөлдөгчөөсөө ялгарах бодит боломж. Оновчтой төлөвлөж, сэтгэлээ зориулсан гадна тохижилт бол төслийн үнэ цэнийг өсгөх хөрөнгө оруулалт. Тэр дундаа хүүхдийн тоглох орчин маш чухал. Хүүхэд тоглохдоо авирч, тэнцвэрээ олж, эрсдэлээ тооцож, бусадтай тохиролцож, ээлжээ хүлээж, асуудлыг өөрөө шийдвэрлэж сурдаг. Бие бялдрын төдийгүй нийгэм харилцаа, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн хөгжил тоглоомоос эхэлдэг. Хүүхдүүд нь тоглож байхад эцэг эхчүүд уулзаж, яриа дэлгэнэ. Хөршүүд танилцана. Тоглоомын талбай томчуудын хувьд ч холбоо харилцаа үүсгэх чухал орон зай болдог. Сайн төлөвлөсөн гадна орчинтой төсөл ижил байршил, хийцлэлтэй ч гадна орчноо орхигдуулсан төслөөс 15-20 хувиар илүү борлуулалттай байдаг талаар тооцоо судалгаа ч бий. Хүн ганцхан байр авдаггүй давхар амьдралын хэв маягаа худалдаж авдаг.
“Авико” энэ салбарт 12 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд зах зээлд ямар орон зай эзэлсэн гэж та дүгнэх вэ?
Бид аюулгүй байдал, стандарт, сэтгэл ханамжийг бүрэн амлаж чаддаг хамгийн туршлагатай, мэргэшсэн хамт олон. Хэмжилт, төлөвлөлт, зураг төсөл, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ гээд бүх шатанд бид хариуцлагатай ажилладаг. Бидэнтэй нэг төсөл дээр ажилласан компани дараагийн төсөл дээрээ эргэж ханддаг. Энэ бол бидний хувьд хамгийн том үнэлгээ. 12 жилийн туршлагаасаа бид Монголын өвлийг ямар материал давдаг, хүүхдүүд ямар тоглоомоор голчлон тоглодог, юу хамгийн их элэгддэг, ямар шийдэл цаасан дээр сайхан ч бодит амьдрал дээр ажиллаагүйг олж харсан. Энэ бүх мэдлэгийг каталогоос олж авдаггүй.
Монголын барилгын салбарын дараагийн 100 жилийг та хэрхэн төсөөлж байна вэ?
Өнгөрсөн 100 жил барилга байгууламж босгох үе байсан. Харин дараагийн зуун амьдралын чанарыг цогцлоох үе байх болно. Барилгын чанар, архитектур, инженерчлэл, технологийн хувьд монголчууд бид том алхам хийсэн. Харин одоо бүтээн байгуулсан орчинд нь хүмүүс хэрхэн аж төрөхийг чухалчлах үе ирж байна. Бид барилгын компаниудад нэг л зүйл хэлэхийг хүсдэг. Төслийнхөө гадна орчныг хамгийн сүүлд бүү төлөвлө. Учир нь гадна орчин бол таны төслөөс хамгийн түрүүнд харагдах, бас хамгийн удаан дурсагдах хэсэг. Үүнийг санаж гадна орчныг жагсаалтын хойно битгий үлдээгээрэй гэж зөвлөмөөр байна.


