“Эдшил” ХХК байгуулагдсан түүх болон хамгийн анхны ажил, төслийн талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
Миний бие 1979 онд ЗХУ-д Архитектурын дээд сургууль төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе буюу барилгын салбар зогсонги байсан 1993 онд барилга, хот төлөвлөлтийн зураг төсөл зохиох зорилгоор “Эдшил” компаниа байгуулж байлаа. Тухайн үед “Топ Мебель”, “Моба”, “Рокмон” зэрэг цөөн хэдэн барилгын зураг төсөл дээр ажилласан. Мөн 1990-ээд оны дундуур “И Би Эйч Бодь Пропертис” компанийн хэрэгжүүлсэн Монголын анхны 25 давхар оффисын барилгын төсөл дээр одоогийн “Голомт”, “Бодь” группийн залуус болон гадаадын архитектор, инженерүүдтэй хоёр жил хамтран ажиллаж, олон улсын ажлын арга, технологитой танилцсан юм.
2000 оны эхээр барилгын салбар сэргэснээс хойш дотоод, гадаадын олон зураг төсөл боловсрууллаа. Урьдчилсан тооцоогоор гурван сая гаруй метр квадрат шалны талбайтай барилгын болон 90 гаруй га талбайтай ерөнхий төлөвлөгөөний төслүүдийг хийснээс 40 илүү хувь нь амжилттай хэрэгжжээ. Өнөөдөр манайх бүх мэргэжлийн 21 боловсон хүчинтэй, салбарынхаа “Шилдэг 100” компанийн нэг болон ажиллаж байна.
Танай байгууллагын баримталдаг гол философи, бусад зураг төслийн компаниудаас ялгарах онцлог, давуу тал юу вэ?
Архитектор бол барилгын үндсэн концепц, шийдлийг гаргадаг мэргэжилтэн гэж болно. Тэрхүү шийдлийг барилга болгохын тулд газар хөдлөлт, бат бэх, тоноглол, гоо зүй, дизайн зэрэг асуудлыг инженерийн баг шийдэж, эцэст нь цогц зураг төсөл гардаг. Манай компанийн гол философи бол “эмх цэгц”. Архитектурын ухаан зөвхөн барилгад бус, аливаа зүйлийн уялдаа холбоог цэгцэлдэг утгаараа бүх л салбарт оршдог гэж би боддог.
Танай хамт олон зураг төслүүддээ орчин үеийн ямар хэв маяг, шинэлэг шийдлүүдийг эрэлхийлж, илүүтэй тусгахыг зорьдог вэ?
Монгол орны цаг уурын нөхцөлд нийцсэн, эдийн засгийн зохистой өртөгтэй, эмх цэгцтэй, хүндээ тухтай орчныг бүрдүүлэхийг чухалчилдаг. Захиалагчийн болон хот, нийтийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж, чанар болон төлөвлөлтийн алдаа мадаггүй ажиллаж ирсэн нь манай хамт олны гол бахархал юм.
Ахмад архитекторын хувьд Улаанбаатар хотын өнөөгийн төлөвлөлт, цаашдын чиг хандлагад ямар байр суурьтай байдаг вэ?
Энэ бол миний сэтгэлийг хамгийн их зовоодог асуудал. Залуу байхад барилгын дотоод төлөвлөлт, функц, дизайныг илүү чухалчилдаг байлаа. Гэвч сүүлийн 20-иод жилд барилгын дизайн гэхээс илүү хот төлөвлөлт, байгуулалтын асуудал нийгмийн шинжтэй, тулгамдсан чухал сэдэв болохыг ойлгож, ажлын чиглэлээ өөрчилсөн. Тааруухан барилга 50-60 жил, сайн барилга 100-200 жил оршин тогтноно. Гэхдээ 200 жилийн дараа өнөөгийн барилгуудын ихэнх нь байхгүй болно.
Тиймээс хотоо 200, 500 жилийн дараа ямар байх тухай алс ирээдүйн цэгээсээ өнөөдөр рүү буцаан төлөвлөж, 50, 50 жилээр хэрэгжүүлж байх ёстой.
Гэтэл манайд “2040 он” гэх мэт ойрын хугацааны аргацаасан төлөвлөлт ярьдаг нь цаашдын хөгжлийг гацаах эрсдэлтэй. Өнөөдөр бидэнд 1960-1980-аад оны замын тэнхлэгүүд л эмх цэгцтэй үлдэж, ашиг тусаа өгч байна. Нийгмийн шилжилтээс хойш 13-р хороолол, Нарантуулын ар, Яармаг гээд олон байрлалд улс төрчдийн дохиогоор төлөвлөлтийн ноцтой алдаанууд хийсэн. Үүний гол шалтгаан нь газрыг замбараагүй олгож, өмчлүүлсэнтэй холбоотой. Газрыг шууд өмчлүүлэхийн оронд хугацаатай эзэмшүүлж, цаашид төлөвлөлт хийн зам, дэд бүтэц татахдаа эзэмшигчтэй нь тохиролцдог байсан бол хот зөв хөгжих байв. Энэ талаар Үндсэн хуульд буруу заасан нь улс төрчдийн сонгуулийн шоу болоод өнгөрсөн нь харамсалтай. Эхнээсээ ерөнхий төлөвлөгөөгөө зөв гаргаж байж, боломжтой газрыг өмчлүүлэх ёстой. Манай мэргэжилтнүүд сануулсаар байгаад дийлээгүй. Өнөөдөр Улаанбаатар хот бараг бүхэлдээ орон сууц, дэлгүүрийн хороолол болж, үйлдвэр болон бизнесийн орон зай хумигдсаар байгаад гайхдаг.
Энэ байдлыг засах ямар гарц, шийдэл байна вэ?
Хэд хэдэн үндсэн шийдлийг хууль эрх зүй болон хот төлөвлөлтийн хүрээнд хийх шаардлагатай гэж боддог. Нэгдүгээрт, барилгын өртөг, төвөгшлөөс хамааруулж 50, 100 жилийн гэх мэтээр насжилтыг нь хуулиар зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр төлөвлөлтөд саад болж буй барилгын насжилт дуусахад буулгах, эсвэл дахин төлөвлөлтөд оруулах боломж нь иргэдийг хохироохгүйгээр шийдэгдэнэ. Хоёрдугаарт, дахин төлөвлөлтийг цөөн айлын хашаа авч ганц нэг барилга барих төдийхнөөр биш, томоор нь, дэд бүтэц, нийгмийн бүтэцтэй нь цогцоор нь шийдэх шаардлагатай. Энэ утгаараа “Сэлбэ” төсөл шиг томоохон шийдлүүдийг дэмждэг.
Гуравдугаарт, хот төлөвлөлтийн удирдлагын тогтолцоог мэргэжлийн түвшинд өөрчлөх хэрэгтэй. Хотын дарга нар алсын хараатай төлөвлөлт хийхийн оронд аж ахуйн ажил хийсээр солигддог. Ийм том хотын төлөвлөлтийг ганц Ерөнхий архитектор хариуцах боломжгүй. Түүний удирдлага дор дүүрэг, хороо бүр өөрийн гэсэн Ерөнхий архитектортой пирамид тогтолцоогоор ажиллах нь зүйтэй.
Жил бүр тохижилтын нэрээр үр ашиггүй мөнгө үрдэг байдлыг ийм байдлаар шийдэж болно.
Дөрөвдүгээрт, хот төлөвлөлтийн хамгийн чухал зүйл бол замын сүлжээ. Хотын амьдрал түгжрэлгүй, шороогүй замаар өрнөдөг байх нь нийгмийн шаардлага. Иймээс одоо байгаа замын улаан шугам, өргөнөө хамгаалж, цаашид шинэ замын холбоосуудыг яаралтай үүсгэх нь чухал юм.
“Эдшил” ХХК-ийн цаашдын зорилго, алсын харааны талаар уншигчдад өгүүлээд, ярилцлагаа өндөрлөе?
Архитектур бол Монгол Улсад шинэ, биет зүйлийг зохион бүтээдэг цөөн салбарын нэг. Салбарынхаа хөгжлийг бид өөрсдийн хэмжээнд түүчээлэн авч явахыг зорьж байна. Хүний амьдрах орчныг төгс төгөлдөр болгоход архитектурын үүрэг оршдог. Энэ үйлсэд илүү идэвхтэй оролцож, цаашид ч мэргэжлийнхээ үнэ цэнийг бүтээлээрээ харуулах нь “Эдшил” ХХК-ийн алсын хараа юм. Эцэст нь мэргэжил нэгт найз, нөхдөдөө барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Сэтгүүлч: Б.Намуун



