Хэзээнээс үл хөдлөхийн салбарыг сонирхож эхлэв? Ямар нэг шалтгаан байв уу?
Миний үндсэн мэргэжил тогооч. Энэ мэргэжлээрээ 2013 оноос хойш найман жил ажилласан. Багаасаа спортод дуртай, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Хөлбөмбөг их сонирхдог, фитнессээр хичээллэдэг байгаад нэг удаа нуруундаа хүнд гэмтэл авсан. Тэгээд л мэргэжлээ солих ёстой болсон доо. Тухайн үед үл хөдлөхийн салбарт ажилладаг найз маань санал болгоод энэ салбарт орж байлаа.
Найман жил тогтвортой ажилласан мэргэжлээ солиход ар гэрийнхэн, найз нөхөд нь хэрхэн хүлээж авч байв?
Гэрийнхэн маш их дэмжсэн. Магадгүй миний төрөлх зан, онцлогийг хэн хүнээс илүү мэддэг болохоор тэр байх. Хоол хийх хоббитой учраас тогооч болно гээд шийдчихсэн юм. Түүнээс бус нээлттэй, олны дунд байх дуртай хүүхэд байсан. Тэр маань ч үл хөдлөхийн салбарт амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог. Харин найз нөхөд, танилуудын зүгээс “нэг айлд нэг үл хөдлөх зуучлагч байдаг”, “дассан сурсан зүйлээ хийсэн нь дээр” гэх мэт яриа гардаг байлаа.
Энэ шилжилт танд яаж мэдрэгдэв?
Үнэн гэвэл энэ салбарт орж байгаа шинэ агент бүрт эхэндээ “ичих” ч гэмээр юм уу мэдрэмж төрдөг. Би ч тэр үеийг туулсан. Гэхдээ салбараа таниад, ажлаа ойлгоод ирэхээр аяндаа ичихээ больж, харин ч эсрэгээрээ бахархаж хайрладаг болдог доо.
Юунаас ичнэ гэж?
Нийгмийнхээ хандлагаас гэх юм уу даа. Үл хөдлөх хөрөнгө зуучлалыг хүмүүс мэргэжил биш зүгээр л завсрын ажил гэж ойлгоод байдаг. Гэсэн ч энэ салбарт амжилт гаргах бүү хэл тэсэж үлдэх нь хүртэл асар их хөдөлмөр, тууштай байдал, сахилга бат шаарддаг. Нэг агент хоёр жил орчим ажиллаад ажлаа сольдог гэсэн салбарын судалгаа бий. Мэдээж хоёр жилийн хугацаа тухайн агентийг амжилтад хүрэх эсэхийг шийдэхгүй, харин үнэхээр борлуулагч болж чадах эсэхээ таньж мэдэхэд бол хангалттай хугацаа л даа.
Анхны борлуулалтын түүхээсээ хуваалцаач. Сонирхолтой байх
Анх түрээсийн зуучлал хийж байлаа. Өндөр дүн биш л дээ. Гэхдээ найман жил цалингийн орлогоор амьдарсан хүний хувьд тэр цоо шинэ мэдрэмж байсан. Санаанаас гардаггүй юм.
Үл хөдлөхийн салбарт “амжилт” гэдэг зүйл яг юугаар хэмжигддэг юм бэ? Амжилттай ажиллахад нөлөөлдөг гол зүйлийг та юу гэж тодорхойлох вэ?
Мэдээж борлуулалтын дүн, зуучлалын тоо чухал. Яагаад гэвэл тухайн агентийн үзүүлэлт, орлого гээд бүгд үүнээс хамаарч байгаа юм. Урт хугацаандаа амжилттай ажиллая гэвэл үргэлж суралцаж, зах зээлээ мэдэрдэг болох хэрэгтэй. Гэхдээ амжилтыг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл.
Харилцагчийнхаа хувьд ч, харьяалагдаж байгаа компанийнхаа хувьд ч итгэлтэй түнш байна гэдэг чухал. Хувь хүнийхээ зүгээс ч үүнийг эрхэмлэж явдаг.
Миний хувьд өмнө нь тогооч байсан. Гал тогоонд өнгөрүүлсэн найман жилийн хугацаа надад зөвхөн хоол хийхийг биш тэвчээр, сахилга бат гээд маш олон чанарыг сургасан. Энэ бүхнээс харахад аль ч салбарт амжилттай байхын үндэс нь сахилга бат гэж хэлнэ. Авьяастай, өгөгдөлтэй, заяагдсан сайхан чанаруудтай байх нь сайн хэрэг. Харин тэр бүгдийг, дээрээс нь амьдралаас олж авсан зүйлсээ өөртөө нааж, эзэн болж явна гэдэг хүнээс их сахилга батыг шаарддаг.
Сахилга бат гэж таныхаар яг юуг хэлэх вэ?
Ярьсандаа байх, бусдын цаг зав, хөрөнгө мөнгө, итгэл гээд тэр бүгдэд хүндэтгэлтэй хандахаас эхэлдэг дээ. Хүний итгэлийг даана гэдэг энэ салбарт амжилттай байх үндэс болдог. Хувийн амьдралд гэхэд л сахилга бат бол өглөө ажилдаа хоолоо бэлтгээд авч явахаас эхэлдэг. Жижиг юм шиг энэ зуршил бол урт хугацаанд эрүүл мэнд, санхүү гээд амьдралд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Миний хувьд хийх ёстой гэж бодсон зүйлээ хүсэхгүй байсан ч хийх нь сахилга бат.
Одоо эргээд үл хөдлөхийн салбар луу орьё. Та “RE/MAX Mongilia”-гийн “Diamond” цолтой агент байх аа. Энэ цолонд хүрэхэд хэр хугацаа зарцуулав?
2021 оноос үл хөдлөхийн салбарт ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө гурван жилийн дотор энэ цолны болзлыг хангасан байна. Олон улсын франчайз компанийн цолны хамгийн дээд эрэмбэ гэж явдаг. Цолны хувьд агентууд борлуулалтын дүнгээр тодорхой болзол хангасны дараа авдаг эрэмбэ гэх юм уу. Энэхүү цол нь тогтвортой, ур чадвартай агентийг илтгэхээс гадна борлуулалтын ашгийн хуваарилалтыг өсгөдөг.
Энэ салбарт ажиллах хугацаанд шантрах ч юмуу, хүнд үе тохиолдож байв уу?
Хүнд үе гэснээс орлого, зарлагаа удирдаж сурна гэдэг агент хүнд маш чухал гэдгийг сүүлийн үед их сайн ойлгож байгаа. Их орлого олохоос илүү зардлаа зөв удирдах нь хүнд тохиолдож болох санхүүгийн олон хүндрэлийг давахад хэрэг болдог. Борлуулагч хүний нэг онцлог бол орлого тогтмол биш. Гэнэт өндөр борлуулалт хийж болно. Эсвэл хэдэн сараар үргэлжилсэн борлуулалтын хэлэлцээ гэнэт цуцлагдаж болно. Энэ болгоныг хэт огцом хүлээж авахгүй байхын тулд сэтгэлзүйгээ ч, санхүүгээ ч төлөвлөж сурах нь чухал. Үүнийг ойлгочихвол шантраад байх зүйл бараг л гарахгүй.
Та өөрийгөө “би одоо л үнэхээр борлуулагч болжээ” гэж мэдэрсэн, бахархсан үе бий юу?
Энэ мэргэжлийн нэг онцлог нь тогтмол өсөлт хөгжлийг шаарддаг. Тиймээс би ийм болсон гэхээс илүү өнгөрсөн таван жилийн хугацаанд үл хөдлөхийн салбар миний амьдралын нэг үнэтэй хэсэг болсон гэдгийг л мэдэрдэг. Суралцаж байгаа, сонирхож байгаа гээд ерөөсөө амьдралын хэмнэл маань үндсээрээ энэ ажилтай нийцэж өөрчлөгдсөн. Өнгөрсөн таван жилийг эргээд харахад “би зөвхөн мэргэжлээ солиогүй юм байна. Амьдралынхаа үнэ цэнийг ч дахин шинээр бүтээжээ” гэж боддог.


