Та компанийнхаа онцлог, давуу талыг хэрхэн тодорхойлох вэ?

Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдаж, барилга байгууламжийн зураг төсөл, хот төлөвлөлт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Бид шинэ үеийнхний бүтээлч, шинэлэг санааг туршлагатай мэргэжилтнүүдийн хяналт,  зөвлөмжтэй уялдуулж шийдлээ боловсруулдаг. Энэ бол бидний гол давуу тал. Бид зураг төслийг зөвхөн архитектур, хот төлөвлөлт, инженерийн шийдлээр хязгаарладаггүй.

Төслийн орчин, дэд бүтэц, зах зээлийн нөхцөл байдал, ижил төстэй төслүүдийн туршлага гээд олон талын судалгаанд үндэслэн боловсруулдаг. Мөн манай байгууллага Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, зураг төслийн явцад үүсэж болзошгүй үл тохирлыг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд залруулах, ажлын чанарыг дотоод хяналтаар тасралтгүй сайжруулах зарчим баримталдаг.

Ер нь зураг төсөлд яагаад өндөр ач холбогдол өгөх ёстой вэ? Энгийнээр тайлбарлавал 

Барилга байгууламж хэр тав тухтай, эрүүл, аюулгүй байхыг зураг төсөл шийддэг. Төсөл хэр үр ашигтай байхыг шийддэг гол хүчин зүйл нь ч зураг төсөл. Цаашлаад төсөл ямар хугацаанд хэдий хэмжээний зардлаар хэрэгжихийг зураг төсөл хэлж өгдөг. Сайн зураг төсөл зөв концепц, оновчтой төлөвлөлтөөс эхэлдэг. Тиймээс захиалагч зураг төсөл зохиогчдод даалгавар, хэрэгцээ, шаардлагаа тодорхой таниулах хэрэгтэй. Ялангуяа нарийвчилсан ажлын зураг төслийн өмнөх шатанд архитектур, бүтээц, инженерийн бүх шийдэл хоорондоо уялдах ёстой. Ингэж байж барилгын угсралтын ажлыг хүндрэлгүй явуулах, норм дүрэм, стандартыг биелүүлэх боломж бүрдэнэ. 

Мөн барилгын нийт өртөгт нөлөөлөх хүчин зүйлсийг нарийн тооцож, материал, шийдлийг оновчтой сонгосон байх нь чухал. Чанаргүй, дутуу боловсруулсан зураг төслөөс барилгын явцад олон төрлийн хүндрэл үүсдэг.

Хийсэн ажлаа давтах, материалын үргүй зардал гаргах, барилгын ажлын хугацаа удаашрах, цаашлаад захиалагч, хөрөнгө оруулагчид нь цаг хугацаа, хөрөнгө санхүү, сэтгэл санааны алдагдалд ордог. Тиймээс төслийн эхний шатанд зураг төслийн зардлаа хэмнэж, явц дундаа сайжруулчихна гэж хараад байдаг нь буруу. Сайн зураг төсөл хөрөнгө оруулалтыг хамгаалж, төслийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

Төслүүдээсээ онцолж дурдвал аль төслөө нэрлэх вэ?

Төсөл бүр байршил, газрын гадарга, байгаль, цаг уур, зориулалт, архитектурын концепциосоо хамаараад өөр өөр өгөгдөлтэй. Миний хувьд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд баригдаж буй ХУТГ-ын Жуулчны мэдээллийн төвийн барилгыг онцолно. Энэ төсөл архитектурын өвөрмөц концепцоороо бусдаас ялгардаг. Бид үл давтагдах 1800 сигментээс бүтсэн органик хэлбэртэй концепцийг энэ төсөл дээр хэрэгжүүлсэн. Мөн бидний зураг төслийг нь боловсруулсан “Таванбогд холдингс” ХХК-ийн Гэрлүг, Гэрлүг палас, “Тесо пропертиз” ХХК-ийн Альфа зон, “Макс өргөө” ХХК-ийн 220к, “Алтанжолоо констракшн” ХХК-ийн Алтанжолоо тауэр зэрэг төслүүд төслийн менежментийн тогтолцооны дагуу хэрэгжсэн. Энэ утгаараа чанар, аюулгүй байдал, стандартын хувьд жишиг тогтоосон сайн төслүүд болж чадсан.

Та энэ салбарт хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?

Би 2005 онд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийг архитектор мэргэжлээр төгссөн. Энэ цагаас хойш хот төлөвлөлт, барилгын зураг төслийн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. Аав, ах, дүү маань бүгд архитектор, инженер мэргэжилтэй. Тийм болохоор багаасаа л энэ мэргэжлийг мэдэрч өссөн. Их сургуулиа төгсөөд барилга угсралтын “Баярсконстракшн” ХХК-аас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. 

Энэ үедээ хувийн бизнесээ эхлүүлэх “зориг” төрж, гадаадын зураг төслийн компаниудын үүх түүхийг уйгагүй судалсан. Миний ажиглалтаар зарим компани туршлагатай мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг шинэ үедээ өвлүүлэн хөгжүүлж ирсэн нь их сонирхолтой санагдсан. Тиймээс олон арван жил тогтвортой ажиллах, дараа дараагийн үедээ мэдлэг туршлагаа өвлүүлдэг, үе үеийн төлөөллийг багтаасан хамт олныг бүтээе гэж зорьсон.  Энэ зорилго маань ч биелсэн. Мөн эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрсэн нь миний хамгийн том ололт гэж боддог. 

Мэргэжлийн хүний нүдээр барилгын төслүүдийг анзаардаг байх. Хамгийн их бодогддог зүйл юу вэ?

Төслийн удирдлага, мэргэжлийн багийн оролцоог хангалттай бүрдүүлэлгүйгээр гол ажил руугаа орчихдог. Зарим төслөөс энэ байдал ажиглагддаг. Туршлагатай төсөл хэрэгжүүлэгчид удирдлагын бүтцээ бүрэн бүрдүүлж, архитектур, бүтээц, инженерийн шугам сүлжээ, төсөв, талбайн хяналт, чанарын хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд бүхий л чиглэлд мэргэжлийн баг ажиллуулдаг. Гэтэл энэ бол туршлагатай туршлагагүй, том жижиг эсэхээс үл хамааран заавал хэрэгжүүлэх ёстой зүйл.

Тиймээс төслийн менежментийн тогтолцоог бэхжүүлэх нь манай салбарынхны чухал зорилт байх ёстой гэж бодож байна. 

Цаашид төслийн эхний төлөвлөлтөөс зураг төсөл, төсөв, хэрэгжилт, хяналт, ашиглалтад оруулах гээд бүх шатанд хяналт тавих мэргэжлийн багтай, тодорхой хариуцлагын тогтолцоотой болох шаардлагатай.

Зураг төслийн салбарт шинэ технологи нэвтэрсээрбайна. Та бүхэн үүнд хэрхэн анхаарч байна вэ?

Манай компани зураг төслийн программ хангамжийн шинэчлэлд тогтмол анхаардаг. Одоогоор бид BIM технологид суурилсан ажлын аргачлалд үе шаттайгаар шилжиж байна. Revit зэрэг BIM программ хангамж нь архитектур, бүтээц, инженерийн шугам сүлжээний зураг төслийн уялдааг сайжруулдаг. Мөн зураг төслийн үл тохирол, алдааг барилгын угсралтын үе шатнаас өмнө илрүүлэх боломж олгодог.

Түүнчлэн бид ногоон барилгын үзэл баримтлал, технологийг зураг төсөлдөө тусгахыг чухалчилж байна. Ногоон барилга бол зөвхөн материал, технологийн сонголтыг үр дүн биш. Барилгын байршил, нарны тусгал, цонхны харьцаа, дулаан алдагдал, байгалийн гэрэлтүүлэг, агаар сэлгэлт, эрчим хүчний хэрэглээ зэргийг зураг төслийн эхний шатнаас тооцож байж биеллээ олдог зүйл. Тиймээс бид “Судалгаа, тогтвортой хөгжлийн архитектор” гэсэн чиг үүргийг бүтэцдээ бий болгосон.

Салбарын ирээдүйг зөв чигт хөтлөх гол хүчин зүйлийг та юу гэж тодорхойлох вэ?

Салбарын ирээдүйг боловсон хүчин, хүн тодорхойлно. Тиймээс хүний нөөцөө хөгжүүлж тэднийг тогтвортой ажиллуулах, хүндээ ээлтэй орчныг бүтээх хамгаас чухал. Тухайлбал, зураг төслийн ажлын үнэлгээг зах зээлийн бодит нөхцөлтэй уялдуулах шаардлага бий. Мөн цалин, урамшуулал, хариуцлагын тогтолцоог салбарын хэмжээнд эргэж харах ёстой. Энэ тал дээр манлайлал үзүүлж буй компани олон бий. Цаашид бүр олон болоосой гэж хүсэж байна. Дараагийн чухал хөшүүрэг нь шинэ технологи. Технологийн хөгжлөөс хоцорч болохгүй. Мөн яриандаа онцолж дурдсан төслийн менежментийн тогтолцоог ахин тодотгох нь зүйтэй болов уу.

Mongolian Economy "Бүтээн байгуулалтын 100 жил" тусгай дугаарын 34-35-р тал, 2026 оны 9-р сар